logo
Палестин дахь “Гэр бүлийн нэр төрийн аллага”

Палестин дахь “Гэр бүлийн нэр төрийн аллага”

2012/08/25
Аяа Барадей гэдэг залуухан Палестин эмэгтэйг өнгөрсөн оны 5 сард дуулиан шуугиантайгаар оршуулсан юм. Түүний оршуулга дээр цугласан хүмүүс залуухан эмэгтэйн зүй бус зуурдын үхлийн шалтгааныг олуулах, цаашлаад нэр төрийн аллага гэгддэг хоцрогдсон уламжлалыг халахыг шаардан жагссан юм. Аяа Барадейгийн авга ах нь түүнийг садар самуунд орооцолдсон, гэр бүлээс гадуур харилцаанд орсон гэж үзэн гэр бүлийнхээ нэр төрийг цэвэрлэх үүднээс худагт шидэж аминд нь хүрчээ. Түүний авга ах юу ч болоогүй юм шиг телевизээр ярилцлага өгөн хамт ажилладаг 2 хүний хамтаар эмэгтэйг худаг руу шидсэн гэдгээ өчжээ. Түүний ярьснаар тэд эмэгтэйг гэрээс нь хулгайлан замдаа зодож нүдэн тамлан зовоож байгаад худаг руу шиджээ. Гэсэн ч худагт шидүүлсэн эмэгтэй хэсэг хугацаанд амьд байжээ. Түүний цогцсыг бараг жилийн дараа нэгэн хоньчин хүү худгаас олжээ. Авга ах нь сүүлд гэр бүлийнхээ нэр төрийг цэвэрлэх үүднээс түүний аминд хүрсэн гэдгээ хүлээжээ. Гэсэн ч түүнд Аяа Барадей хэн нэгэнтэй орооцолдсон гэсэн ямар ч баримт нотолгоо байгаагүй байна. Болсон явдлын дараа Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас “ООНОР КИЛИНГ”буюу нэр төрийн аллага гэдэг хоцрогдсон заншлыг үгүй болгож, ийм төрлийн аллага үйлдэж байгаа явдлыг таслан зогсоохоо амласан байна. Гэсэн ч энэ төрлийн гэмт хэрэг буурах төлөвгүй байна. Учир нь сүүлийн хэдэн сард 3 ч эмэгтэй садар самуунд орооцолдсон гэж ад үзэгдэн амиа алдсан байна. Палестины Рамала хотынхны хувьд эмэгтэй хүнд гар хүрнэ гэдэг нь жирийн л үзэгдэл юм байна.
Рамала хотын эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төвд ажилладаг Маха Абу-Даяагийн ярьж байгаагаар 1990-ээд онд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль гарсан ч тэр болгон хэрэгждэггүй байна. Палестины эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн яамны сайд Рабиха Диабын хэлснээр тэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үүднээс олон ажил хийж, төсөл хэрэгжүүлдэг боловч нэгэнт олон зуун жил уламжлагдаж ирсэн уламжлал, ёс заншлыг өөрчлөхөд хэцүү байгаа аж. Тэдний мэдээснээр энэ жил гэхэд нийт 11 эмэгтэй хамаатан садныхаа гарт амиа алдсан байна. 7 эмэгтэй Гаазийн зурваст, 4 эмэгтэй Баруун эрэгт нэр төрийн аллага хэмээх заншлын золиос болсон байна. Аливаа улс үндэстэнд ямар ч ёс заншил, уламжлал байж болно. Гол нь тэдгээр амиа алдсан эмэгтэйчүүд садар самуунд орооцолдсон нь батлагдаагүй, ямар ч баримт байхгүй байгаа нь эмэгтэйчүүдийн эрхэнд халдсан хэрэг болж байгаа ажээ.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш