logo
Башар Ассадын дэглэм нуран унах нь гарцаагүй болсон

Башар Ассадын дэглэм нуран унах нь гарцаагүй болсон

2012/08/25
Хятад болон ОХУ-ын эсэргүүцлээс болж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дорвитой шийдвэр гарахгүй удаж байгаагаас Сирийн босогчид танк, хүнд их бууны өөдөөс бараг нүцгэн гараараа тулалсаар байна. Гэхдээ тэд байгаа зэвсгээ ашиглан танк, их бууны өөдөөс тулалдаж сурч байна. Хамгийн сүүлд сонирхогчийн камераар бичсэн бичлэгнээс харахад босогчид Сирийн армийн 2 ч танкийг устгажээ. Сүүлийн хэдэн 7 хоногт босогчид буюу Чөлөөт Сирийн армийнхан засгийн газрын аюулгүй хүчний хэд хэдэн танкийг устгаж, олзож аваад байна. Босогчид танкны пулемётыг салгаж аван тулалдаанд ашиглаж байна. Босогчид голдуу олзолж авсан эсвэл хууль бусаар худалдаалагдсан зэвсэг ашиглан аюулгүй хүчний эсрэг тулалдаж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар Сирийн арми одоогоор 1600 орчим Зөвлөлтөд үйлдвэрлэсэн Т-72 танктай. Бусад зэр зэвсгээ Иранаас эсвэл магадгүй Оросоос авч байгаа юм байна. Пентагоны эрх баригчдын үзэж байгаагаар Башар Асадын дэглэм үндсэндээ зэр зэвсэггүй болж, хүндхэн байдалд ороод байгаа аж. Харин агаарын хүчний хувьд Ассадын арми ямар ч саадгүй үйл ажиллагаа явуулж байна. Учир нь босогчдод одоохондоо ямар ч нисдэг тэрэг болон байлдааны онгоцгүй байгаа юм. Гэхдээ Пентагоны үзэж байгаагаар нисэх онгоцгүй ч босогчид агаарт нисч байгаа онгоцуудыг амжилттай буудаж унагасаар байгаа гэнэ. Саяхан Сирийн ерөнхий сайд ажлаа өгч, Иордан руу дүрвэсэн. Цаг явах тусам Ассадын тойрон хүрээлэгчид түүнээс нүүр бууруулсаар байна. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар Башар Ассадын дэглэм унах нь тодорхой болсон. Дэглэм хэзээ нуран унах нь зөвхөн цаг хугацааны асуудал болоод байгаа юм байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш