logo
Чилийн оюутнууд тэмцсээр...

Чилийн оюутнууд тэмцсээр...

2012/08/27
Пүрэв гаригт Чилийн нийслэл Сантьяго хотод олон мянган оюутнууд өргөн хүрээтэй жагсаал зохион байгууллаа. Жагсаалын үеэр оюутнууд цагдаа нартай мөргөлдсөн байна. Тэд боловсролын салбарт өөрчлөлт хийхийг олон сарын турш шаардаж байгаа юм. Ерөнхийлөгч Себастиан Пинера оюутнуудад хандан хууль дүрмийн дагуу жагсаал зохион байгуулахыг уриалаад, жагсаалын үеэр хүч хэрэглэж байгааг шүүмжилжээ.
Пүрэв гаригийн жагсаалын үеэр оюутнууд урьдынхаас өөр арга хэрэглэсэн байна. Тэд нэг дор жагсахын оронд 14 бүлэгт хуваагдаж, Сантьяго хотын өөр өөр дүүргүүдэд жагсчээ. Чилийн нийслэлд жагсаал цуглаан зохион байгуулахын тулд хотын удирдлагуудаас зөвшөөрөл авах шаардлагатай байдаг аж. Гэвч оюутнууд өчигдөр зөвшөөрөл авалгүйгээр жагссан учир цагдаа нар тэдний жагсаалыг тараахаар оролджээ.
Оюутнууд цагдаа нар луу чулуу шидэж байсан байна. Харин цагдаа нар жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, өндөр даралттай ус шүршигч ашиглажээ. Мөн тэд зарим жагсагчдыг баривчилсан байна.
Чилийн оюутнуудын жагсаал 2011 онд эхэлсэн юм. Жагсаалд оролцож байгаа оюутнуудын хэлж байгаагаар Чилийн боловсролын тогтолцоонд өөрчилж сайжруулах зүйл олон байна. Жишээ нь энэ улсад хувийн сургуулиудын төлбөр маш өндөр, багшлах боловсон хүчин муу, банкнууд сургалтын төлбөрийн зээлийг маш өндөр хүүтэй олгодог ажээ.
Оюутнууд сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд сургуулиудын байрыг эзлэн авч, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Чилийн засгийн газар боловсролын салбарт зарцуулах төсвийн хэмжээг нэг тэрбум доллар болгож нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Гэвч энэ нь хангалтгүй гэдгийг оюутнууд хэлж байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш