logo
Алд алдаар нь эзлэх бодлого гэр хорооллоос эхэлж байна уу

Алд алдаар нь эзлэх бодлого гэр хорооллоос эхэлж байна уу

2012/08/27
“Хятад иргэд айлуудын газрыг нэг сая төгрөгөөр авах санал тавьж, хашаа хатган ямар нэгэн барилга барих гэж байна” гэх мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн XXVI хороог зорилоо.

Уулын энгэрт жалга дагасан 500 шахам өрх бий дээ гэсэн тул юутай ч уул руугаа дөхье гэж бодож явсаар бараг л олоод оччихжээ. Ойрын их усан борооноос тогтсон шавар, намаг дунд халтирч, будилж явсаар Үерийн гудамжны 140 дүгээр хашаанд ирлээ. Банзаар шахаж барьсан нэлээд том хашааны хаалгыг дарсан төмөр чингэлэг үзэгдэв. Дотор нь барилгын материал буулгажээ.

Өсвөр насны болов уу гэмээр 4-5 хүүхэд хашааны тэг дунд буулгасан барилгын материалын цаана, наагуур бүртэлзэж овоолсон тоосго, мод өрж байгаа бололтой тонголзоно. Иргэдээс ирсэн мэдээллийн үнэн мөнийг лавлах хүн харагдсангүй. Манаачийнх нь болов уу гэмээр ганц гэрийн хаалга онголзож 40 хүрч байгаа болов уу гэмээр эмэгтэй хаалгаар хараачлан байснаа “ямар хүн үүгээр эргэлдээд байна вэ” гэсэн шиг хэсэг харж зогссоноо намайг зүглэв.

Ядруухан төрхтэй, хувцас хунар гэж авах юмгүй тэр хүн том хар шил зүүжээ. “Бурхан минь энэ эмэгтэй архи уудаг юм байна шүү дээ. Лав нэг нүд нь юм хардаггүй бололтой” гэх бодол өөрийн эрхгүй төрөв. Ингээд бидний дунд дараах яриа өрнөсөн юм. “Сайхан намаржиж байна уу та. Энэ ямар компанийн эзэмшлийн хашаа вэ. Айлуудаас хашааных нь газрыг үнэлж авна гэсэн байх юм. Чухам хэдэн төгрөгөөр авах санал тавьж байгаа юм бол” гэх асуултад авгай жаахан гайхаж эргэлзсэнээ толгой сэгсрэв.

Түүний энэ байдал, төрхнөөс “Танихгүй хүнд хэлэх үг алга” гэх товчхон хариулт өгч байгааг мэдэрлээ. Ингээд асуултаа арай багасгав. “танай гэр энэ мөн үү. Тэр ажил хийгээд байгаа хэд танай хүүхдүүд үү” гэвэл авгай газар сууж тухлаад “Би гурван хүүхэдтэй. Нэг муу залуутайгаа л одоо амьдарч байна. Энэ манай хашаа байсан юм. Эгч нь гэрээ хашааныхаа гадна гаргаад барьчихсан. Манай хашааны газрыг надаас худалдаж авсан. Компанийнх нь нэрийг мэддэггүй юм. Их ээ олон хятад хүн нэг юмны агуулах бололтой зүйл барих гэж байгаа юм. Энэ хэсгийн айлууд гэж дандаа хөдөөнөөс шахуу ирсэн ядарсан, ажилгүй иргэд байдаг юм. Энэ компанийнхан том хүнийг нь өдрийн 30, хүүхэд бол өдрийн 15 мянгаар цалинжуулж ажиллуулдаг. Нийт 30 гаруй ажилчинтай” гэлээ.

Биднийг ийн ярилцаж байх зуурт тор дүүрэн бидний нэрлэдгээр “Дан ху ван” гэх улаан ууттай хятад бэлэн гоймон тэвэрсэн хоёр ч хүү хашаа руу орлоо. Ажилчид нь хоол ундаа өөрсдөө зохицуулдаг бололтой. Ус байхгүй, цайнд дэвтээгээд идчих үү хэмээн хоорондоо яриад цааш яваад орчихов.

Гэр хорооллыг хэрхэн хөгжүүлэх вэ

Ер нь энэ хэсгийн айлуудад ус болоод тог цахилгааны асуудал их гэнэ. Зарим үед хэдэн ч хоногоор тог тасарч мэдэх учраас дэлгүүр мухлагуудад нь лааны наймаа ихээхэн эрэлттэй гэж байна. Энэ хэсэгт нэг сайхан булаг урсдаг байснаа жилийн өмнөөс ширгэж булаг урсаж байсан гэх ямар ч ул мөргүй болжээ. Сая орсон их борооноор эндхийн айлууд ёстой л гэртээ “түгжигджээ”.

Учир нь машин бүү хэл хүн явахын эцэсгүй намаг, шалбааг бий болсон нь ёстой л цаашаа ч үгүй наашаа ч үгүй болгожээ. Уулнаас буух үерийн голомт дээр амьдарсаар л байгаа эдгээр айлуудад шинэ бүрэлдсэн төр засгаас хүсэх юм даанч их юм. Энд суурьшаад зургаан жил болж байгаа ч газраа өмчилж авч чадахгүй байна гэх гомдлын үг хэлэх ч өндөр настантай таарлаа. Таван минут биш юм аа гэхэд 30 минутын зайтай явдаг ч микро болон том оврын автобус энд алга. Хичээлийн шинэ жил “хаалганы” цаана тулчихаад байхад намаг шалбааг туучсаар сургууль, цэцэрлэгтээ хүрэх гэр хорооллын хүүхэд багачуудын ядруухан тавиланг хэрхэх вэ.

Хотын төвдөө багшралдан барилга байшингаа нар үзэх зайгүй давхарлаад л бариад байхаар хотын захын гэр хороолол руу энэ бүх хот төлөвлөлтийг хандуулбал яасан юм бэ. Ядаж л өндөр өндөр барилга дагасан олигтой томхон дэлгүүр, үйлчилгээний төв, такси, автобусны буудалтай болог. Түлээ, нүүрсээ хар замаар биш юм аа гэхэд аятайхан зассан замаар хүргэх боломж ч алга. Машин бүү хэл хүн явахад хэцүүхэн намаг шалбааг дунд зурайх үхрийн жим шиг замаар л ихэд анхааралтай явах боломжтой. Усан бороотой өдөр бол татсан утсан дээгүүр явах мэт сэтгэгдэл төрнө.

Гэхдээ ийм дүр зураг бол өнөөдөр хотын захын аль ч гэр хороолол дундах байдаг л үзэгдэл. Бид харсаар цочихоо байжээ энэ амьдралд. Юутай ч хороо, дүүрэг, нийслэл, Засгийн газрын хамгийн эхний анхаарах асуудал нь гэр хорооллыг барилгажуулах, хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, ажилгүй иргэддээ ажлын байр гаргаж өгөх зайлшгүй шаардлагатай байна. Үгүй бол цөөхөн ядруу иргэд чинь харийнхны мөнгөнд худалдагдаж газар нутгаасаа сөөм сөөм, алд алдаар нь хувь тасалж өгөхөд бэлэн болжээ.

Агуулах барих нэрээр эзэлж авчихаад байгаа газрын энэ мэт асуудал өнөөх урд хөршийн алд алдаар нь газар нутаг, хот тосгоныг минь эзлэх далд бодлого нь биш биз дээ. Хятад ажилчин, хятад компанигүй юм Монголд байхгүй болсон энэ цагт нанхиадууд нийслэлийг минь хумих бодлогоо гэр хорооллоос эхлүүлээд байгаа ч юм билүү. Тийм бол одоо яах вэ.

М.Мөнхтунгалаг 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш