logo
Aмерик офицер Oсама Бин Ладеныг устгасан ажиллагааны тухай ном бичжээ

Aмерик офицер Oсама Бин Ладеныг устгасан ажиллагааны тухай ном бичжээ

2012/08/27
Америкийн тусгай хүчнийхэн 2011 оны тавдугаар сарын хоёронд тусгай ажиллагаа явуулж, Нэгдсэн Улсын номер нэг дайсан гэгдэж байсан Осама Бин Ладеныг устгасан билээ. Энэ ажиллагаанд оролцсон тусгай хүчний албан хаагч ном бичсэн байна. Тэрээр "No Easy Day"буюу "Хэцүү Өдөр" нэртэй номондоо Пакистаны Абботаббад хотод явагдсан тусгай ажиллагааны тухай өгүүлжээ. Зохиогч Марк Оувен гэсэн нэрээр номоо гаргасан аж. Тэрээр өөрийн аюулгүй байдлаа бодолцож жинхэнэ нэрээ ил болгохоос татгалзсан байна. Энэ номонд бичсэнээр тусгай ажиллагааны үеэр нэг нисдэг тэрэг осолдсоны улмаас албан хаагчид болон номын зохиогч өөрөө амиа алдаж болох байжээ. Гэхдээ есдүгээр сарын 11-нд худалдаанд гарах гэж байгаа энэ ном аль хэдийн маргаан дэгдээгээд байна. Шинжээч Фран Таунсенд хэлэхдээ "Тусгай ажиллагааны талаарх нарийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олон нийтэд дэлгэх эрх түүнд байхгүй" гэжээ.
Пентагоны албаны хүний мэдэгдсэнээр зохиогч номоо урьдчилан хянуулаагүй юм байна. Тиймээс батлан хамгаалах яамны мэргэжилтнүүд "Хэцүү Өдөр" номыг яаралтай унших шаардлагатай байгаа гэнэ. Номын зохиогч өнгөрөгч дөрөвдүгээр тусгай хүчнийг орхижээ. Тэрээр 36 настай бөгөөд тэнгисийн хүчний дунд тушаалын офицер юм байна. Мөн тэрээр олон удаа гавьяа зүтгэл гаргасныхаа төлөө ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс олгодог медалиар энгэрээ мялаажээ.
Өнгөрсөн оны тавдугаар сард явуулсан тусгай ажиллагаанд оролцсон албан хаагчдын талаарх мэдээллийг Америкийн эрх баригчид ихээхэн нууцалж байгаа юм. Тусгай хүчний командлагч, адмирал Уильям Макравены хэлж байгаагаар Осамаг хөнөөх ажиллагаанд оролцсон албан хаагчдын нэр усыг зарлах нь тэдний амь насыг эрсдэлд учруулах аюултай юм байна.
Америкийн тусгай хүчнийхэн Осама Бин Ладеныг олж устгасан тухай өгүүлэх 'Zero Dark Thirty' киноны трэйлер гарсан. Киноны уран бүтээлчид Аль-Кайдагийн толгойлогч агсны тухай дэлгэцийн бүтээл дээр Пентагон болон тагнуулын төв газартай нягт хамтран ажиллажээ. Оскарын шагналт найруулагч Кэтрин Бигелоугийн найруулж байгаа энэ кино дэлгэцэнд гарахад бэлэн болоогүй байгаа хэдий ч аль хэдийн маргаан дэгдээгээд байгаа юм. Учир нь тагнуулын мэдээллийг кино бүтээгчдэд өгсөн нь ирэх 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Барк Обамагийн нэр хүндийг өсгөх зорилготой гэж Бүгд Найрамдах Намынхан мэдэгдсэн байна. Обама өнгөрсөн оны тавдугаар сард Америкийн тусгай хүчнийхэн Бин Ладеныг устгах ажиллагаа амжилттай явагдсаныг зарласан. Энэ нь түүний нэр хүндийг багагүй хэмжээгээр өсгөсөн юм. Гэхдээ 'Zero Dark Thirty' кинонд Обамагийн талаар өгүүлэхгүй юм байна. Мөн Сони компани уг киног Обамагийн сонгуулийн сурталчилгаа болсон гэж буруутгаж байгааг залруулах зорилгоор киноны нээлтийг 10-р сард биш сонгуулийн дараа буюу 12-р сард болгож хойшлуулжээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш