logo
Андерс Брэйвикт 21 жил хорих ял оноолоо

Андерс Брэйвикт 21 жил хорих ял оноолоо

2012/08/27
Норвегийн шүүх өнгөрсөн онд цуст аллага үйлдсэн Андерс Брэйвикийг сэтгэцийн хувьд эрүүл хэмээн үзэж түүнд 21 жил хорих ял оноолоо. Брэйвик 2011 оны долдугаар сарын 22-нд Осло хотын засгийн газрын барилгын гадна бөмбөг дэлбэлснийхээ дараа Утояа арал дээр арга хэмжээнд оролцож байсан хүмүүс рүү гал нээж нийтдээ 77 хүний аминд хүрч, бусад 240 гаруй хүнийг шархдуулснаа хүлээсэн юм.
Гэхдээ халдлага үйлдсэн нь Норвегид лалын шашны нөлөө тэлэхээс сэргийлэхэд чухал байсан хэмээн тэрээр өөрийгөө зөвтгөжээ. Брэйвикийг санаатайгаар аллага үйлдсэн болон терроризмын хэргээр буруутгаж түүнд 21 жилийн ял оноосон байна. Учир нь Норвеги нь цаазын ялгүй улсуудын нэг юм. Гэхдээ түүнийг ялаа эдэлж дууссан ч нийгэмд аюул учруулна гэж үзвэл үргэлжлүүлэн хорих аж. Шүүгч ялын тогтоолыг унших үеэр Брэйвик инээж байжээ.
Шүүх хурлаас өмнө Брэйвик сэтгэцийн эмнэлэгт хэвтэх нь үхэснээс долоон дор гэж хэлжээ. Мөн тэрээр шүүхийн шийдвэрийг давж заалдахгүй гэдгээ ч дуулгасан байна. Брэйвик Осло хот дахь өндөр хамгаалалттай шоронд ялаа эдлэх ажээ. Эхэн үед түүнийг бусад ялтнуудаас тусад нь хорих юм байна. Брэйвикийг шүүх хурал 10 долоо хоног үргэлжилсэн юм.

Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш