logo
Төрийн холбооны газрын даргын ажлыг булааж авсан Н.Баатархуяг халагдах өргөдлөө өгчээ

Төрийн холбооны газрын даргын ажлыг булааж авсан Н.Баатархуяг халагдах өргөдлөө өгчээ

2012/08/27
Тагнуулын Ерөнхий газрын харьяа Төрийн холбооны газрын дарга Н.Баатархуяг ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.
2009 онд Төрийн холбооны газрын дарга, хурандаа Г.Төмөрсүхийн ажлыг хүчээр булааж авсан тэрбээр ТЕГ-ын дарга солигдсоны дараа гэнэтхэн өргөдлөө өгсөн нь элдэв хардлага дагуулж байна.
МАН-ын угшилтай Н.Баатархуяг эхнээсээ л ТЕГ-ын дарга асан Р.Болдын татаасаар өндийж, Төрийн холбооны газрын дарга болжээ. Харин 2009-2012 оны хооронд Р.Болд, Н.Баатархуяг нар гар нийлж ажиллахдаа олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хааш нь, юунд, хэрхэн зарцуулсан нь тодорхой бус.
Тухайлбал, Н.Баатархуяг Төрийн холбооны газарт тусгай нууцлалтай гар утас оруулж ирэх санаачилга гаргасны дагуу ТЕГ-т их хэмжээний хөрөнгө оруулалт орж иржээ. Тэрбээр энэхүү гар утсыг ТЕГ-ын дарга асан Р.Болдын хамаатан гэх бизнесмэнээр дамжуулан оруулж ирсэн аж.
Гэвч төсвөөс их хэмжээний хөрөнгө зарцуулсан энэ ажлын дараа Н.Баатархуяг Р.Болд даргынхаа хамаатнаас ямар ч нууцлалгүй, энгийн гар утас оруулж ирсэн гэх хэл ам дагуулах болжээ. Тухайн үед энэ асуудлыг холбогдох байгууллагууд шалгасан ч одоо болтол ямар нэгэн хариу өгөөгүй байгаа аж. Иймээс Төрийн холбооны газрын дарга асан Н.Баатархуягтай холбоотой энэ асуудлыг Үндэсний аудитын газраар шалгуулах шаардлагатай хэмээн ТЕГ-ын дотоод ажилтнууд үзэж байна.

Тэгэхээр Р.Болдыг Австрали улсад суух Элчин сайдаар томилогдохтой зэрэгцэн Н.Баатархуяг ажлаасаа гарах өргөдөл өгсний нэгэн шалтгаан нь энэхүү нууцлалтай гар утасны асуудал бололтой.
Хэрэв энэ мэт хуучны асуудал сэдэрвэл Н.Баатархуягт хариуцлага үүрүүлэх боломж бий. Учир нь өмнөх даргатайгаа үгсэн тохирдог гэх хэл аманд орсоор ирсэн Н.Баатархуягийг хашир туршлагатай ТЕГ-ын дарга Д.Гэрэл зүгээр нэг тавиад явуулчихсангүй. Тэрбээр Н.Баатархуягийг өргөдлөө өгсний дагуу ажлаас нь чөлөөлсөн ч тэр дор нь томилгоо хийж, Тагнуулын дээд сургуулийн багш болгожээ. Ингэснээр Н.Баатархуяг хариуцлагаас зугтах боломжгүй болсон аж.
Хамгийн сонирхолтой нь Төрийн холбооны газрын даргаас Тагнуулын сургуулийн багш болтол тушаал буур­сан Н.Баатархуяг шарыг харж шарваж, улааныг харж урвах янзтай.
МАН-аас өндийсөн тэрбээр эрх мэдэл нь суларсан намын нөхдөөсөө зайгаа барьж, дөрвөн жил төрийн жолоог атгах АН-ын лидерүүдийг дагаж эхэлжээ. Улмаар Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатарыг “жийж”, оронд нь очихоор яриа хийж яваа сурагтай. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш