logo
Хотын дарга автобусаар зорчлоо

Хотын дарга автобусаар зорчлоо

2012/08/28
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн гаргасан “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” захирамж өчигдөрийн 07:00 цагаас эхлэн нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж эхэллээ.
Засаг дарга Э.Бат-Үүл өглөөний 06:00 цагт нийтийн тээвэрийн үйлчилгээ эрхэлдэг “Тэнүүн-Огоо” компани дээр очиж эхний ээлжийн жолооч кондуктор нарт ажлын амжилт хүсч замд нь үдэн гаргажээ. Компанийн удирдлагын зүгээс “урьд нь нийтийн тээврийн автобусны туулах чадварыг дээшлүүлэх үүднээс ийм арга хэмжээ авч байсан. Энэ удаад хотын төв гудамжны тодорхой хэсэгт замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, мөн ажлын таван өдөрт автомашины дугаараар замын хөдөлгөөнд оролцох хязгаарлалт хийж байгаа нь зөв шийдвэр болж байна. Мөн нийслэлийн томоохон захууд, Их дээд сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарьт өөрчлөлт оруулж байгаа нь иж бүрэн арга хэмжээ боллоо. Одоо бидний хувьд нийтийн тээврийн хэрэгслийнхээ туулах чадварыг дээшлүүлэхэд л анхаарах үлдлээ" гэв.
Ингээд Хотын захирагч Таван шарын автобусны буудлаас Санкт-Петрбургийн буудал хүртэл тус компанийн 14 дугаартай автобусаар үйлчлүүллээ. Засаг дарга зорчиж явсан автобусныхаа жолоочоос"Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай" захирамжийн талаарх сэтгэгдлийг нь сонсоход, "Өнөөдрийн байдлаар зорчигчид эрс нэмэгдсэн байна. Замын ачаалал бага болсон ч илт мэдэгдэж байна" гэсэн юм.
Г.Уран  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш