logo
Бүгд Найрамдахчуудын их хурал эхэллээ

Бүгд Найрамдахчуудын их хурал эхэллээ

2012/08/28
Өнөөдөр АНУ-ын Флорида муж улсын Тампа хотод Бүгд Найрамдах намын /БНН/ их хурал эхэллээ. Их хурлын төлөөлөгчид Массачусетс муж улсын захирагч асан Митт Ромниг Ерөнхийлөгчийн сонгуульд, Конгрессын гишүүн Пол Райаныг дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчээр албан ёсоор батлах ёстой юм. Үүнээс гадна, БНН-ын сонгуулийн кампанит ажлын мөрийн хөтөлбөрийг батална.
Их хурлаар хэлэлцэх асуудлуудыг урьдаас төлөвлөсөн байсан боловч Америкийн өмнөд эрэг рүү "Исаак" далайн шуурга ойртон ирж байгаатай холбогдуулан нэлээд өөрчлөлт оруулжээ. Төлөвлөж байсны дагуу өнөөдөр их хурлын нээлтийн ёслолын ажиллагаа болно.
Харин өнөөдөр болох ёстой байсан бусад арга хэмжээг наймдугаар сарын 28-н хүртэл хойшлуулжээ. Пүрэв гараг хүртэл үргэлжлэх их хурлаар хэлэлцэх асуудлууд Тампа хотын цаг агаарын байдлаас шалтгаалах болж байна. Гэхдээ мягмар гарагт шуурга намжих төлөвтэй байгаа учраас хурлыг бүхэлд нь хойшлуулахгүй.
Их хурлын гол зорилго нь сонгуулийн кампанит ажлын шийдвэрлэх шатанд намын гишүүдийн эв нэгдлийг батлан харуулах явдал юм. Мөн ардчилагч Барак Обамаг ерөнхийлөгч байх хугацаанд АНУ-ын нийгэм, эдийн засгийн байдал дээрдээгүй учраас төрийн жолоог өдгөө 65 настай Ромнид шилжүүлэн өгөх нь зүйтэй гэдэгт сонгогчдыг итгүүлэн үнэмшүүлэх зорилготой. Ромнигийн сонгуулийн кампанит ажлын гол уриануудын нэг бол "Бид Америкт итгэдэг!" хэмээх уриа юм. Чухам энэ уриа Тампа хотын уулзалтын гол сэдэв болох ажээ.
Намын их хуралд АНУ-ын бүх 50 муж улсаас 2 286 төлөөлөгч оролцох бөгөөд Сенат болон Конгрессын гишүүд зэрэг хэдэн мянган зочид оролцож байна. Их хурлын индрээс Ромнигийн эхнэр Энн, Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Жон Бейнер, Сенатын танхимын БНН-ын бүлгийн дарга Митч Макконнелл, Сенатын гишүүн Жон Маккейн, Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс зэрэг намын нэртэй зүтгэлтнүүд үг хэлнэ.
Харин Митт Ромни пүрэв гарагт үг хэлэх бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг зөвшөөрч байгаагаа мэдэгдэн, улс орныхоо ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа талаараа илтгэл тавина. Хамгийн сүүлд явуулсан санал асуулгаар Ромни болон түүний өрсөлдөгч болох АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Барак Обама нарыг дэмжигчдийн тоо бараг тэнцүү байжээ.
БНН-ын их хурал Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн "Тампа-бэй лайтнинг" багийн "Тампа-бэй таймс форум" цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа юм. 1996 онд нээгдсэн уг цэнгэлдэх хүрээлэнд спортын тэмцээн уралдаан, оддын концерт, мөсөн шоу гэх зэрэг олон улсын болоод орон нутгийн чанартай янз бүрийн арга хэмжээ зохион явуулдаг байна. Намын их хурлыг гадаад, дотоодын 15 мянган сэтгүүлч сурвалжилна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, Тампа хотод "Уолл-стритийг эзэл!" хөдөлгөөний 15 мянга орчим идэвхтнүүд хүрэлцэн ирэхээр төлөвлөжээ. Хэдийгээр хур бороотой байгаа боловч хэдэн зуун жагсагчид хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд цугласан байна. Цагдаагийнхан эмх замбараагүй байдлыг зохицуулах зорилгоор 50 сая долларын тоноглолыг хэдийнэ худалдан авчээ. Түүнээс гадна, хотод дүрс бичлэгийн камерууд суурилуулсан байна. Хотын цагдаагийн албанд хүч нэмэгдүүлж муж улсын бусад хотуудаас хууль сахиулах байгууллагын 4000 орчим ажилтныг илгээжээ.
"Тампа-бэй таймс форум" цэнгэлдэх хүрээлэнг тойруулан "аюулгүйн тусгай бүс" байгуулсан байна.
Тампа хот анх удаа ийм томоохон арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Харин "Агуу их намынхан" гэгддэг бүгд найрамдахчууд Флорида муж улсад гурав дахь удаагаа их хурлаа хийж байгаа ажээ. 1968, 1972 оны их хурал муж улсын зүүн эрэгт оршдог Майами хотод болж байв.
Цаг агаарын тааламжгүй байдлаас үүдэн намын их хурал нэг бус удаа хойшилж байсан аж. 2008 онд Миннесота муж улсын Сент-Пол хотод болж байсан өмнөх их хурал "Густав" гэдэг хар салхины улмаас хойшилж байжээ.
Д.Жаргал 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш