logo
Албан тушаалтнууд дуудлагын машин хэрэглэнэ

Албан тушаалтнууд дуудлагын машин хэрэглэнэ

2012/08/29
Нийслэлийн Засаг даргын өнгөрөгч баасан гарагт гаргасан "Албан тушаалын болон албан ажлын автомашины хэрэглээг бууруулах тухай" захирамжид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтнууд албан ажлын зайлшгүй шаардлагаар автомашин хэрэглэх бол тухай бүр Нийслэлийн төр захиргааны авто баазаас дуудлагын автомашин хэрэглэхээр ажлаа зохицуулж байхыг заажээ.
Уг захирамжид Нийслэлийн автозамын засварын ажилтай давхцан хичээлийн шинэ жил эхэлж тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах талаар авч буй арга хэмжээг дэмжин нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтнууд 2012 оны наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай албан ажилдаа автомашин хэрэглэхгүй, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихоор тухай тусгажээ.
Мөн энэ хугацаанд албан ажлын зайлшгүй шаардлагаар автомашин хэрэглэх бол тухай бүр Нийслэлийн төр захиргааны авто баазаас дуудлагын автомашин хэрэглэхээр ажлаа зохицуулж, дуудлагын автомашин хэрэглэх журмыг байгууллага бүр дотооддоо баталж мөрдөж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна.
Дээрх хугацаанд Нийслэлийн төр захиргааны авто баазын нийт ажилчдын цалинг хэвийн хэмжээнд олгох, дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн төр захиргааны авто бааз, төсвийг батлагдсан хуваарийн дагуу олгохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгажээ.
Г.Уран 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш