logo
Д.Лүндээжанцан: Олонхийн бүлэг өөрсдөдөө тааруулж хууль батлуулах гэж улайрч байна

Д.Лүндээжанцан: Олонхийн бүлэг өөрсдөдөө тааруулж хууль батлуулах гэж улайрч байна

2012/08/29
УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдрийн хуралдаанаараа Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ.  МАН-ын гишүүд орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгохдоо гуравны нэг хүртэлхийг намын листээр сонгох нь буруу, энэ бол улстөржсөн, намчирхсан, намаас хараат байлгах гэсэн маш буруу алхам гэж үзжээ. Мөн Үндсэн хуулийн хэм хэмжээг зөрчсөн заалтууд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөлд багтаад байна гэж УИХ-ын гишүүн Н.Энхболд хэллээ. 
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Орон нутгийн сонгуулийг 11 дүгээр сард зохион байгуулах нь зохисгүй. Малчид өвөлжөөндөө буух их ажилтай давхцана, нөгөө хэсэг нь отор нүүдэл гээд явчихсан байх талтай. Тиймээс орон нутгийн сонгуулийг зохион байгуулах хугацаа ч бас асуудалтай байна.Уг хуулийн төсөлд дэвшилттэй хэрэгжүүлэх ёстой заалтууд байгаа ч үүний хажуугаар мөн засч залруулах зайлшгүй шаардлагатай заалтууд ч бий. МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд байнгын хорооны харьяалалд багтаагаагүй болохоор чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороонд үг хэлэхээс цааш хэтэрдэггүй. Хуулийн төсөлд саналаа нэмэрлэж, алдаатай заалтуудыг өөрчилье гэвч цөөнхийн саналыг хүлээж авахгүйгээр олонхийн бүлэг зөвхөн өөрсөддөө тааруулж хууль батлахын төлөө улайран тэмцэж байна" гэв.
Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт “МАН-ын 25 гишүүн УИХ-д сонгогчоо төлөөлөн сууж байгаа. Бид бүлэг байгуулсан боловч, одоог хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байна. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон нар МАН-ын гишүүдийг бүлэгтэй болгох хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн ч энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсангүй. Түүнчлэн УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан өчигдөр болсон ч МАН-ын бүлгийн гишүүдээс холбогдох хүмүүсийг алийг нь ч оролцуулалгүй асуудлыг шийдлээ” гэсэн юм.
Түүнчлэн бүлэг орон нутгийн сонгуулийн тухай хуульд сонгогч сонгууль өгөх нь үүрэг гэж заасан нь Үндсэн хуульд заасан хэм хэмжээг давсан заалт. Мөн орон нутгийн сонгуульд сонгогч саналаа өгөөгүй бол төрийн албанаас чөлөөлж дараагийн сонгуульд саналаа өгвөл ажилд нь эргүүлэн томилох гэх мэт заалт ч ороод байгаа. Энэ бүхэн бол хүний эрх зөрчсөн үйлдэл болно гэж мэдэгдлээ.
Д.Сувд

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш