logo
Монголын Оюутны Холбоо мэдэгдэл гаргалаа

Монголын Оюутны Холбоо мэдэгдэл гаргалаа

2012/08/29
МОХ оюутан суралцагчид, тэдгээрийн эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч, их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн захиргаа, төрийн холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хандан оюутны сургалтын төлбөр, чанар, оюутны амьдрах орчин, дотуур байр,нийтийн тээврийн хэрэгдлээр оюутан зорчих, оюутны тангаргийн баяр зэрэг хэд хэдэн асуудлаар мэдэгдэл хийлээ.
МОХ, багш ажилчдын цалин хангамжийг нэмэгдүүлж, ажиллах амьдрах орчин нөхцлийг тууштай дэмжин ажилладаг ч багш нарын цалин нэмэх санхүүгийн эх үүсвэрийг оюутан суралцагчдын сургалтын төлбөрийн нэмэгдлээр шийдвэрлэхийг эрс эсэргүүцлээ. Түүнчлэн сургалтын төлбөр, чанар хоёр харилцан шууд хамааралтай байх зарчмыг баримталж байгаа МОХ аль нэг их дээд сургууль, коллеж бодит үндэслэлгүйгээр сургалтын төлбөрөө нэмэгдүүлсэн тохиолдолд оюутан суралцагчид тэдгээрийн эцэг эхчүүдийн эрх ашгийг хамгаалахын төлөө эсэргүүцлийн жагсаал хүртэлх бүхий л үйл ажиллагааг зохиох болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэв.
Мөн их дээд сургуулиуд шинээр элсэн орж буй элсэгчидтэй сургалтын төлбөрийн тогтвортой байдлын гэрээ байгуулдаг байх шаардлагыгч хүргүүллээ.
Оюутны А, Б хотхон болон оюутны талбайд хувь хүн болон аж ахуйн нэгж байгууллагууд дур мэдэн барилга байгууламж барьж, оюутан залуусын өөрсдийн идэвх санаачлага, хөрөнгөөр байгуулсан спорт талбай, ногоон байгууламжийг эвдэн сүйтгэх зэрэг бусармаг үйлдлүүдийг таслан зогсоох талаар холбогдох байгууллага бүхий албан тушаалтанд хандсан боловч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ шийдвэр гаргасангүй. Тиймээс цаашид нийт оюутан суралцагчдынхаа хүч нөөц бололцоонд тулгуурлан тэмцлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаагаа МОХ-ны дэд дарга Д. Батбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н. Бямбагэрэл нар мэдэгдлээ.
Б. Чимэдханд 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш