Ардын хувьсгалтай нас чацуу үүх түүхтэй МОНЦАМЭ агентлаг бол үндэсний мэдээллийн төв байгууллага. Тийм байсан, одоо ч байна. Монгол Улс хуучин ба шинэ тогтолцооны түүхэн хоёр үе шатыг туулж явна. Энэ нөхцөлд Монголын Цахилгаан Мэдээ-ний агентлагийн статус, бодлого зорилго, үүрэг хариуцлагын шинж чанар тогтолцооноос хамаарахаас хамаарахгүй нь үлэмж илүү байх ёстой. Учир юув?
Монгол Улс гэдэг субъект олон улсын улстөрийн тавцанд оршин байна. Энэ субъект тусгаар бүрэн эрхтэй оршин буйн өдөр, цаг, минут тутмын бодит илрэл, баталгаа нь гадаад ертөнцөд МОНЦАМЭ агентлаг тасралтгүй үйл ажиллагаараа болсоор ирсэн юм. Энэ нь зарчмын чухал онцлог болохыг орхигдуулж хэрхэвч боломгүй. МОНЦАМЭ бол монголын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болчихсон юм.
Хуучин үед ч МОНЦАМЭ нь агентлаг гэдэг тодорхойлолттой байв. Өнөөдөр Засгийн газрын олон агентлагууд байх ба тэдгээрийг шинээр бий болгох, татан буулгах нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн доторх хэрэг юм. Харин энэ эрх мэдлийнхээ хүрээнд зайлшгүй тусгайлан анхаарч авч үзэх онцлогтой объект нь МОНЦАМЭ агентлаг.
Энэ байгууллагыг нэг л агентлагийнх нь хувьд татан буулгаж болохгүй, чадахгүй гэх газаргүй л дээ. Гэхдээ татан буулгасны маргааш өглөө нь гадаад ертөнц, дэлхийн улстөрийн амьдрал, даяар олон нийт их л сонин сэтгэгдэлтэй сэрэх нь дамжиггүй. Хятадын Өвөрмонгол гэж байна. Одоо Ар Монгол нь чухам хаашаа нэгдэхээр зорьж байна вэ л гэж бодно. Нилээд чухал асуудлыг хэлтлэн буй энэхүү өгүүлэлд хошин шог руу хальтирч ормооргүй байна. Гэхдээ Оросын нэг сайтад саяхан гарсан нэг шог юмуу, шоглолыг уншигчид аль нэг эх сурвалжаар анзаарсан байх. Хятадын зарим сайтуудаар ч тиймэрхүү зүйл гардаг нь нууц биш. “Аливаа шог үнэний хувьтай” гэсэн гайтай үг бий. МОНЦАМЭ агентлагаар болчимгүй оролдвоос оросын юмуу, хятадын шог үнэний хувьтай юм биш үү гэсэн сонин сэтгэгдэл төрүүлэх осолтой шүү.
МОНЦАМЭ агентлагийн тухайд ерөнхий суурь асуудал нь түүний статус. Хуучин үед статус нь тов тодорхой байсан юм. МОНЦАМЭ агентлаг нь Засгийн газрын официоз байгууллага байв. Хагас албан ёсны (Semi-official) байгууллага гэсэн үг. Өнөөгийн хэлээр хэлбэл, үндэсний мэдээллийн агентлаг маань яг таг гүйцэтгэх агентлаг хэрхэвч бус, харин басхүү бие даасан байдал, эрх чөлөөгөөр хангалттай хангагдсан байв. Мэдээллийнхээ салбарт шүү дээ.
Энэхүү официоз статусын ойлголт шинэ тогтолцооны үед огт мартагдсан мэт. Чухам эндээс МОНЦАМЭ агентлагын эргэн тойрны зарим тодорхойгүй байдал, хүндрэл эхтэй нь олон жилийн өмнөөс ажиглагдав.
Ерөөс тусгаар улсуудын үндэсний мэдээллийн агентлагууд нь хэлнэ үү, эс хэлнэ үү, хүснэ үү, эс хүснэ үү, хэн нэгэн зөвшөөрнө үү, эс зөвшөөрнө үү, хэрэг дээрээ бүгд официозууд байдаг юм. Хэрэг дээрээ гэдгийг давтан хэлмээр байна. Энэ нь нэг ёсны байгаль, нийгмийн хууль, тухайн улс орны төр засгийн гадаад, дотоод бодлого, үйл ажиллагааны маш чухал арга хэрэгсэл байдгаас тэр. Официоз хэрэгсэлгүйгээр тухайн төр засгийн өөрийнх нь эрх чөлөө, гарц боломжууд ядуурч хохирдог.
Нөгөөтэйгүүр, официоз статус нь ямар нэг зөрчил агуулдаггүй бас биш. “Хагас албан ёсны” гэхээр зөрчилтэй л сонсдоно. Тиймээс хэрэв официоз статустай үндэсний мэдээллийн агентлагтай байя гэвэл энэ нь нилээд нарийн ширийн шийдлүүд, ил далд бодлогын асуудал болж ирнэ. Энэ байдлыг нууж хаагаад хэрэггүй.
Цохон тэмдэглэвэл зохих нэг асуудал бий. Юув гэвэл, ерөөс “мэдээллийн агентлаг” хэмээх байгууллагууд 1990-ээд оны эхнээс дэлхий даяар, улс орон бүрт хүнд цохилтод орсон. Амьдарч үлдэхэд маш бэрх болсон. Агентлагууд их багагүй, хөгжсөн хөгжөөгүй амьдарч үлдэхийн төлөө хүнд тэмцэл явуулахаас аргагүй болсон. Энэ нь холбооны, ялангуяа сансарын холбооны хэрэгсэлд электроник технологийн хувьсгал болж, мэдээллийн урсгал хялбарчлагдан даяаршиж, олон сувгаар нийтлэг хүртээмжтэй болж ирсэнтэй холбоотой байв. Уг нь бол мэдээллийн салбартаа төв мэдээллийн агентлаг шиг хэрэгтэй газар хаана ч байсангүй. Гэтэл агентлагууд гэнэтийн байдлаар хэрэггүй ч юм шиг болж ирсэн. Аюул дан ганц МОНЦАМЭ-г юмуу, хуучин соцорнуудын агентлагуудыг дайрсан юм огт биш. Жишээ хэлье. АНУ-д АП, ЮПИ гэж мэдээллийн хоёр том агентлаг бий. ЮПИ агентлагийн том хариуцлагатан над дээр орж ирж хэлэхдээ: “Дампуурахын даваан дээр дэнжигнэж байна, гэхдээ манайх нэг муу хиймэл дагуултай, техникийн талын туршлага, зарим боломж байна. Танай Ази, Номхон далайн Орнуудын Мэдээллийн Агентлагийн Байгууллага (OANA) техникийн шинэчлэл хийж таарна, бид оролцвоос эдийн засгийн ашиг олох нэг боломж гарах юм. OANA-даа лоббидож туслаач” гэж байв. МОНЦАМЭ-гийн Ерөнхий захирал лоббидож л байсан. Ройтерс байна, мэдээллийн агентлагаас үлэмж давсан том бизнестэй байгууллага. МОНЦАМЭ-д Ройтерс их тусалсан, МОНЦАМЭ ч түүнд багагүй тусалсан. Хуучин зөвлөлтийн ТАСС, АПН агентлагийн Монгол дахь товчоонууд хэсэгтээ тэсч үлдэх аврал ирж явахад нь бид тусалж л байсан, тэдгээр агентлагаас МОНЦАМЭ техникийн материал, сэлбэгийн зүйл гуйж нэг аваад, гуядаж нэг аваад гэх мэтээр үндэсний мэдээллийн агентлагууд, тэдгээрийн сэтгүүлчдийн армиуд мэргэжлийн эв нэгдэлтэй, нийтлэг нөмөрсөн хүндрэлээ харилцан ойлголцож, харилцан туслалцах замаар даван туулсан юм.
Монгол Улс шинэ тогтолцоонд шилжсэний дараах хэдэн жилийн байр байдлыг олонх монголчууд санаж буй байх. МОНЦАМЭ бол тасралтгүй шуурхай үйл ажиллагаатай байгууллага бөгөөд тэр чанараа хадгалахын тулд, жишээ нь, хүмүүсээ өдөрт нэг удаа хооллох, хооллохдоо хоолных нь мөнгийг цалин дээр нь нэмж өгөх шаардлага тулгарсан зэрэг эдийн засаг, ахуйн асуудлаа яаж ийгээд шийдэж л байсан гэх мэтээр амьдарч үлдэх бүхий л арга хэрэгслийг дайчилсан. Үр дүнд нь МОНЦАМЭ-гийн Ерөнхий захирлыг Эдийн засгийн цагдаа барьж л байсан, тавьж л байсан. Байдаг л зүйл. Ази, Номхон далайн агентлагуудын байгууллага (ОАНА) нь том байгууллага, түүний нэг хурлын үеэр гарсан нэгэн яриа сонин юм. Манай өгентлагуудын захирлууд үндсэндээ ойролцоо намтартай, төрөлхийн нэг төрлийн, тухайлбал, үүнийг эрээлэгчийн маягийн хүмүүс юм бишүү, тухайн цаг үеийн шаардлага л юмдаа гэж. Тэдгээр захирлууд онцгой сондгой хүмүүс огт байгаагүй. Туршлага бүхий мэргэжлийн сэтгүүлчид л байсан. Онцлог нь гэвэл, үндэсний мэдээллийн агентлагуудыг ямар ч нөхцөлд хадгалж үлдэх ёстойг ойлгож байсанд оршино.
Миний мэдэхээр, үндэсний мэдээллийн том бага нэг ч агентлаг дампуурч устаж алга болоогүй. Энэ нь захирлуудынх нь сүрхий сайнтай огт холбогдохгүй. Тусгаар тогтносон улс орон оршин байгаа бол түүний өдөр, цаг, минут тутмын бодит илрэл, баримтат баталгаа нь тухайн улс орны үндэсний мэдээллийн агентлаг юмаа гэсэн логик өөрийн эрхгүй үйлчилж байдагт асуудал оршино. Төр засгууд эцсийнхээ дүнд энэ логикийг баримталж хандахаас аргагүй болдог. Монголын төр засаг ч баримталсаар л ирсэн.
Ингээд үндэсний төв мэдээллийн агентлагууд байх юм бол чухам ямар статустай байх юм бэ гэсэн асуудал зайлшгүй босч ирнэ. Сонгодог утга чанар, агуулга зорилгоор нь авч үзвэл, официоз статустай байх ёстой гэсэн дүгнэлт л гардаг.
Чингээд, тухайлбал, МОНЦАМЭ агентлагийн статусын асуудал албан ёсоор тавигдана. Энэ нь төр засгийн зүгээс хүлээгдэх улстөрийн шийдлийн асуудал болох нь илт. Улмаар үндэсний мэдээллийн агентлагийн оршихуй, үйл ажиллагааг хуульчлах эсэх тухай асуудал. МОНЦАМЭ-гийн гэх тусгай бөгөөд тогтвортой хууль тогтоомжийн асуудал шинэ тогтолцооны эхнээс өнөөг хүртэл шийдгүй явж ирсэн дүр зурагтай. Одоогийн байдлаар бол хоёрын зэрэг хуулийн төсөл УИХ-ын хүрээнд явж буй гэх. Хоёр төсөл учраас шийдлийн хоёр хувилбарын тухай санал биз.
Миний мэдэхээр, МОНЦАМЭ агентлагийг ГХЯ-нд харъяалуулах санаа бодол нилээд хэдэн жилийн өмнөөс улбаатай. Үндэсний мэдээллийн агентлагууд хаа нэг яам, газар харъяалагдах логик огтоос байдаггүй, угаас үүсдэггүй юм. Агентлаг байх бол зөвхөн тусгаар бие даасан л байна. Зөвхөн энэ нөхцөлд үндэсний мэдээллийн агентлаг нь улс орныхоо нэрийн хуудас, нүүр царай, тогтолцооных нь илт тодорхой хэмжүүр болдог. Энэ хэмжүүрийн тухайд хойно цухас боловч тусгайлан дурдана.
ГХЯ нь өөрийн албан ёсны мэдээлэл, сурталчилгааны албатай. Энэ нэг хэрэг, өөр хэрэг. ГХЯ-ны МОНЦАМЭ гэхээр албан ёсны нэг нэгж л харагдана, хэрэг дээрээ тийм ч болно. Энэ нөхцөлд үндэсний мэдээллийн агентлагийн официоз статус, мөн чанар нь алдагдах учраас МОНЦАМЭ-г татан буулгаснаас огт өөрцгүй байдал үүснэ, хаана ч тэгж ойлгогдоно. Тэгээд мөнөөх орос, хятадын сайтуудын зарим шог юмуу, шоглолд үнэний хувь байхгүй биш биз гэх мэт төөрөлдсөн самуурсан сэтгэгдэлд хүргэх осол үүснэ.
МОНЦАМЭ-г ГХЯ-нд багтаах тухай ярих юмуу, санаж бодохдоо АНУ-ын ЮСИА-г Төрийн департаментдаа харъяалуулсан жишээг баримталдаг бололтой юм. ЮСИА чинь эхнээсээ АНУ-ын Засаг захиргааны албан ёсны мэдээлэл, сурталчилгааны байгууллага. Тэр нь хаана юундаа захирагдах нь, тэдний хэллэгээр, тэдний бизнес, Монголд дууриан давтах жишиг хэрхэвч биш. Дууриах жишиг нь бусад бүх улс орнууд үндэсний мэдээллийн агентлагаа официоз статусаар нь бие даалган хадгалсаар байгаа арга замууд.
Энэ арга замууд өөр өөр байж болно, байдаг. Гол нь эдийн засаг, санхүүжилтын асуудал болох нь ойлгомжтой. Жишээ нь, Японы Киодо агентлаг байна. Миний мэдэх үед Киодо нь Японы 32 томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хоршоолол байсан, одоо ч байгаа биз. Энэ нь, нэгд, хөгжингүй эдийн засаг, хоёрт, өндөр соёлтой хэвлэл, мэдээллийн салбартайн илрэл юм. Монголд маань хэвлэл, мэдээллийн хэрэгсэл тоогоо алдсан. Тэд хоршоолоод үндэсний агентлагаа санхүүжүүлж авч явна гэвэл одоохондоо эдийн засгийн боломж, соёлын түвшин, бодлогын цараа дутна. Одоогоор МОНЦАМЭ агентлаг төрийн төсвөөс санжүүжиж, төсвийн 30 хувьтай тэнцэх орлогыг өөрөө олох ба тэр орлогыг нь Сангийн яам задгай мөнгө хүртэл нь тоолоод хурааж авдаг зарчмаар явж байна. МОНЦАМЭ-гийн официоз статусыг хадгалах нөхцөлд одоо ба ойрын ирээдүйд ийм л арга зам эн түрүүнд байна. Энэ нь нийтлэг арга зам.
МОНЦАМЭ-гийн үйл ажиллагаа, үүрэг зорилгыг хаана хаанаа тодорхой мэдэж, зөв төсөөлөх нь чухал байна. Тус агентлаг 100 орчим хүн хүчний нөөцөөр л ажиллаж ирсэн байдалтай. Тун багахан хүч. Монгол улсын 2, 7-хон сая хүн амтай харьцуулбал үүнээс өөр яах юм гэлтэй. Гэтэл үүний цаана томоохон парадокс хэзээнээс агуулагдан буй. Юув гэвэл, Монгол Улс маань дэлхийн бусад том жижиг улс орнуудаас огт ялгагдахгүй бас нэг улс. Их гүрнүүдээс ялгаатай нь далайн флот л байхгүй. Бусад бүхэн байна. Тусгаар улс оронд ерөөс ямар бүтэц бүрэлдэхүүн байдаг вэ, тэр бүхэн Монголд байна. Заримдаа илүү ч байна. Гадаадад энхийг сахиулахаар цэргээ илгээсэн улс орон тоотой байхад Монгол Улс энхийг сахиулдаг уламжлалт улс нэгэнт болоод байна гэх мэт. Өөрөөр хэлбэл, Монгол гэдэг тусгаар улсын хэмжээ дамжаа, цар түвшин нь зарчмын хувьд бусад их бага улс гүрнүүдийнхээс огт дутахгүй юм. Үүнийг хүн амын тоотой нь харьцуулахаар парадокс үзэгдэл харагддаг. Гадныхан Монголыг ямар нэг сонин сайхан, гаж донж парадокс гэж харах нь олонтаа. Нэг үгэндээ, МОНЦАМЭ агентлаг маань бусад агентлагуудтай адил 20 давхар байшин барилгатай, хэдэн мянган ажилтантай байх үндсэн нөхцөлтэй, учир нь Монгол бол илүүгүй дутуугүй улс шиг улс.
МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагааг үндсэн гурван төрөлд хуваана. 1. Дотоод мэдээллийг өдөр тутам шуурхай олж цуглуулах, хуримтлуулах, түгээх. Ингэснээр дотоод шуурхай мэдээллийн суурь багц МОНЦАМЭ агентлагт бүрэлдэх ёстой. Энэ суурь багцийн буюу тухайн өдрийн амьдрал, үйл явдлын тойм, лавлагааны хэрэглэгчид нь хэвлэл, мэдээллийн бусад бүх байгууллагууд байх ёстой юм. Энэ ёстой гэдэгт эмзэглэх хэрэггүй. Энэ ёстой нь хэвлэл, мэдээллийн нийт салбарын соёлын, ухамсрын түвшний асуудал. Тухайн сонин, радио, телевиз МОНЦАМЭ-гийн дотоод мэдээллийн багцаас юуг сонгох үгүй нь тэдний эрх чөлөөний асуудал. Гагцхүү улс орныхоо амьдралын ерөнхий тоймыг бүрнээ харж мэдэж, түүнээс тус тусынхаа бодлого зорилго, аяс хандлагаар сонголт хийж баймааж тэдгээр сонин, сэтгүүл, радио, телевиз хэрэглэгчдийнхээ өмнө үүргээ биелүүлэх юм. Ерөөс мэдээллийн агентлаг гэгч бүтэц үүссэн түүхэн шаардлага нь үүнтэй холбоотой. Өдөр тутмын шуурхай мэдээллийн суурь багц төр засагт ч, түмэн олонд ч хүртэж байх ёстой. Учир нь, удирдлагын эх сурвалж нь мэдээлэл, амьдрах арга замын гол нь мэдээлэлтэй байх явдал. Улмаар хангалттай хүчирхэг мэдээллийн агентлагтай байх нь бүх түвшний, бүх нийтийн үндсэн эрх ашгийн асуудал.
Мэдээллийн агентлагийн дотоод мэдээллийн өдөр тутмын үндсэн багц өртөг зардлаар бүрдэнэ. Тиймээс түүнийг захиалагчид, хэрэглэгчид нь ямар нэг тохиролцооны үнээр худалдан авах нь дэлхий нийтийн хамгийн нийтлэг жишиг. Энэ нь мэдээллийн агентлагууд үүргээ биелүүлэх эдийн засгийн нэг чухал үндэс болдог.
Дотоод шуурхай мэдээллийн суурь багц бий болгох нь МОНЦАМЭ-гийн үүрэг зорилго, хэрэглэх нь хувь, хувсгалын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн соёлын түвшин, эдийн засгийн боломжийн хэрэг. Байдлаас ажвал, одоогоор боломжоос илүү түвшин нь дутаж байх мэт.
Нөгөө талаар, дотоод шуурхай мэдээллийн суурь багцийг МОНЦАМЭ агентлаг жинхэнэ ёсоор бэлтгэж чадаж буй эсэх нь хэрэглэгчдийн анхаарлын төвд байж, шүүмж хэлэлцүүлгийн сэдэв болох нь зүйн хэрэг.
2. Гадаад мэдээний үйл ажиллагаа. Дэлхий дахины үйл явдлын шуурхай мэдээллийн үндсэн багцийг МОНЦАМЭ агентлаг бүрдүүлж, дотоодын хэрэглэгчдэд түгээж байх нь үндсэн үүрэг. Орчин цагийн эгзэг ээдрээтэй нөхцөл байдалд үндэсний мэдээллийн агентлагийн энэ чиглэлийн үйл ажиллагааны ач холбогдол урьд урьдынхаас үлэмж өссөн.
Гадаад орчны мэдээллийг Монголд боломжийн бүрэн хэмжээгээр оруулж ирэх нь үндэсний мэдээллийн агентлагийн үүрэг. Энэ нь дэлхийн томоохон агентлагуудын мэдээллийг гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр худалдан авна гэсэн хэрэг. Түүнээс сонголт, дүгнэлт хийж дотоодын хэрэглэгчдэд түгээнэ. Ер нь бол хамгийн үнэтэй бүтээгдэхүүн гэвэл мэдээлэл шүү дээ. Хэзээ ч ийм байсан, өнөө үед бүр ч ийм. Хуучин үед МОНЦАМЭ агентлаг ЮПИ, Ройтерс зэрэг “хөрөнгөтний агентлаг”-ийн өдөр тутмын нүсэр их багцийг радиотелетайпын хэрэгслээр хулуугаад авчихдаг байсныг өнөө нуугаад ч яах билээ. Шинэ тогтолцооны эхэнд МОНЦАМЭ, Ройтерсын хооронд анхны гэрээ байгуулагдсан. Ройтерсын мэдээ зарим хөнгөлттэй байсан боловч төлж чадах чадахгүйдээ хүрч л байсан. Төлбөр хийж чадахгүй бол мэдээллээ хаана гэж айлгадаг байсан. Төсвөөс олдохгүй бол өөрсдөө олж долж, олж долсноороо төлөх тохиолдол ч гарч байсан. Ерөнхий захирал нь эдийн засгийн цагдаад баригдаж тавигдахын цаана иймэрхүү шалтгаан аль олон байсан. Ямар боловч ямар ч үнээр хамаагүй дэлхийн агентлагийн олон улсын мэдээллийн урсгалд албан ёсоор нэгдэн орох нь шинэ тогтолцооны Монгол Улсын нэр төрийн хэрэг гэж бид үзэж байв. Ер нь бол сэтгүүлзүйн салбарт нэр төр гэж тэргүүлэх ойлголт.
3. Гадаадад мэдээлэх үйл ажиллагаа. Энэ нь МОНЦАМЭ агентлагийн үндсэн үүрэг хариуцлага бөгөөд ач холбогдол нь өнөө үед үлэмж өсөн нэмэгдлээ. Хуучин үед онолын хувьд “улс төрийн гадаад сурталчилгаа” гэсэн нэр томъёо байсан. Практик дээр орос, англи, франц, хятад хэлээр Монгол орны доторх үйл явдал, үйл явцыг тогтмол шуурхай мэдээлэх үйл ажиллагаа байв. Одоо япон хэл нэмэгдсэн байна.
Миний бие чухамхүү энэ салбарт хуучин тогтолцооны сүүлчийн 20 жилийг барсан юм. Хуучин үеийн цензурын хатуу хахирыг ахмад, дунд үеийнхэн мэднэ. Мэдээллийн хэрэгслээр цацагдах аливаа мэдээ материалын хуудас бүр дээр Хэвлэл, утгазохиол хянах газрын төлөөлөгч тамга дарж зөвшөөрдөг журамтай байв. Тэр газрын ажилтнууд социалист уралдаандаа хэвлэн нийтлэх материалаас хэн хэдэн улстөрийн алдаа завхрал илрүүлснээрээ байр эзэлдэг байсан юм. МОНЦАМЭ-гийн дотоод мэдээлэл ч энэ цензурын дор байсан. Харин МОНЦАМЭ-гийн Гадаадад мэдээлэх редакци энэ журмаас бүрмөсөн ангид байж цензургүй үйл ажиллагаа явуулж ирсэн сонин уламжлалтай, сондгой түүхтэй. Энэ нь мөнөөх официоз статус, түүгээр олгогдсон эрх чөлөөтэй холбоотой. Мэдээж, редакцийн ба агентлагийн ердийн дотоод хяналт байлгүй яахав. Гэхдээ энэ нь мэргэжлийн сэтгүүлзүйн хүрээний хяналт. Түүгээр үл барам, МОНЦАМЭ-гийн мэдээллийн салбарт судалдаг, суралцдаг үндсэн нэг эх сурвалж нь америкийн АП агентлагийн тэндээ ч зөвхөн албан хэрэгцээнд байдаг арга технологи, ур чадварын гарын авлага байсан юм. Тиймээс бид “хөрөнгөтний” сэтгүүлзүйгээс суралцаж, хэрэгжүүлсэн анхны сэтгүүлчид Монголдоо юм. МОНЦАМЭ агентлаг олон улсын тавцанд мэдээллийн үйл ажиллагаа явуулахын тулд орчин үеийн олон улсын сэтгүүлзүйн түвшинд бүх талаар байх нь өнөө бус, эртнээс тавигдсан шаардлага.
Энэ үүднээс мэдээллийн агентлаг, ялангуяа гадаад ертөнцөд шууд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны салбарт боловсон хүчний түвшин гэдэг онц чухал асуудал цаг ямагт тавигддаг зүй тогтолтой. Хаана ч, хэзээ ч ийм. Энэ нь хаана ч, хэзээ ч тун түвэгтэй асуудал байсан, байсаар байна. Хэрэв та аль нэг улсын хөгжлийн бодит түвшин, тогтолцооных нь жинхэнэ шинж төлөв, хүмүүсийнх нь боловсрол чадварыг мэдье гэвээс ердөө л мэдээллийн агентлагийнх нь гадаадад нэвтрүүлсэн мэдээний нэг багцыг харахад л хангалттай. Улс орноо гадаадад мэдээлж, сурталчлах үйл ажиллагааны хэлбэр агуулга, чанар чинсаа, шинж төрх нь өөрөө дангаараа тухайн улс орны нөлөөгүй тунгалаг толь болчихдог. Тиймээс эрсдэлтэй үйл ажиллагаа байна. Жишээ нь, МОНЦАМЭ агентлаг Монгол Улсаа эдийн засаг нь асар хурдацтай өсч буй бөгөөд хэвлэл, мэдээллийн эрх чөлөөгөөр дэндүү цэцэглэсэн орон гэж бичиж, нийтэлж нэвтрүүлж болно, тэгж ч байгаа байх. Гэтэл тэгж бичсэн нь, тухайлбал, орчин цагийн утгазохиолын хэм хэмжээнээс гажуу, зохиомж нь болхи, агуулга нь албан ёсны хүрээнд улиг болтлоо хэлэгдэж яригдсан юм байваас үндэсний ганц агентлагтаа олигтой хүн зохих цалин хангамжаар аваад ажиллуулчих чадваргүй бол юун эдийн засгийн өсөлт байх вэ, дарга, дипломатуудынхаа үгийг давтаж суудаг юм бол үлийнийх нь мэдээллийн эрх чөлөө билээ гэсэн дүр зураг л тодроно. Тийм үнэлгээ дүгнэлтэд хүргэнэ. Тиймээс энэ талын үйл ажиллагаа нэг бол өндөр түвшинд байх, эсвэл байхгүй баймаар эрсдэлтэй зүйл.
Энэ мэтийн ил далд нарийн ширийн учир байдлын улмаас үндэсний мэдээллийн агентлагууд нь төр засгуудынхаа анхааралд зайлшгүй байна. Монголын төр засаг ч МОНЦАМЭ-г анхаарлынхаа гадуур орхисон нь үгүй. Гагцхүү шинэ тогтолцооны 22 жилийн дараа үндэсний мэдээллийн агентлагынхаа статус буюу оршин тогтох хэлбэр, агуулгыг хуульчлан нэг мөр тогтоох цаг нь болсон юм бус уу гэсэн санаа хэлмээр байна.
Ерөнхий ба нийтлэг зүй тогтлоороо бол үндэсний мэдээллийн агентлагууд нь официоз статустай байна. Хэрэв агентлаг нь яаж ийгээд бие даасан байваас официоз статус нь хүссэн үгүй, дээр доороос зөвшөөрсөн үгүйгээс үл хамааран хар аяндаа урган гарч, зүй тогтлоороо хэрэгжиж эхэлдэг. Тэгэх учир шалтгаанууд цаана нь бодитой оршин байдгаас тэр. Энд түлхүүр үг, язгуур зарчим нь бие даасан байдал. Официоз буюу хагас албан ёсны статус нь зөрчилгүй бас биш. Хагас боловч эрх чөлөө, эрх мэдэл нь ямар нэг зөрчлийг агуулдаг. Төр засгийн официоз мэдээллийн агентлагийн байдлыг зарим тодорхой жишээгээр хэлвээс илүү ойлгомжтой байх. 1980-аад оны сүүлийн хагас. Зөвлөлтийн барилгачид голдуу олон мянган хүн Монголоос гарч эхэлсэн үе. Гаалийн хороо ямар нэг онцгой тогтоол төлөвлөж байгаа сураг чимээ сонсов. Сурвалжлагчаа явуулж, учир байдлыг мэдээд ир гэлээ. Сурвалжлагч мэдэж ирээд хэлэхдээ, зөвлөлтийнхнийг хилээр гарахад нь хүн тус бүрээр тооцож, 1500 төгрөгнөөс илүү гарах эд хогшлыг хураах тухай тогтоол юм байна. Маргааш Төв Хороо, Засгийн газраар оруулж батлуулах юм байна гэв. Гаалийн хороо, хөөрхий, Монгол Улсад л нэмэлт орлого оруулах зорилготой бөгөөд тухайн цаг үеийн боломжийг овжин ашиглах гэж л дээ. Гэтэл хил дээр юу болохов? Монголд наад зах нь 2-3, цаашлаад 5-1О жил хөдөлмөрлөсөн жирийн хүмүүс Дарханы нэхий дээл ар өврийн хаалгаар аваад өмсчихсөн байхад л 1500 төгрөг.
Манай хуучин үеийн гаалийнхан гэж үнэн хатуу чанга албатууд тул өмд гутал, тогоо шанагыг нь хураана гэж зууралдаад хэцүүднэ. Монгол-Зөвлөлтийн хил дээр бөөн уйлаан майлаан, хэрүүл шуугиан, будлиан самуун болох нь тодорхой. Энэ байдал хэдан сар, жил үргэлжлэнэ. Дараа нь хоёр хөрш салаад нүүгээд явчихгүй. Хоёр хөрш цаашдаа ямар нүүрээрээ яаж харилцах вэ гэсэн асуудал учрана. Сурвалжлагч маань мэдээ бичих үү, яахав гэж байна. Бичүүлээд гадагш нь цацчихсан. Нилээд орой болсон цаг. Маргааш өглөө нь ЗХУ-ын Элчин сайд Саарал ордны хаалган дээр ажил эхлэхээс өмнө оччихсон байсан гэдэг. Бид үүнийг таахаар барахгүй, тэгүүлэх гэсэн хэрэг. Гаалийн хорооны тусгай тогтоол бутцохигдсон. Энэ чинь Монгол Улсад орох орлого ашгийг санаатай хаасан, улс орны эсрэг гэж үнэлэгдэх хэрэг. Дээрээс ч дараа нь асууж лавлаж л байсан санагдана. Нөгөөтэйгүүр, жирийн хөдөлмөрчин хүмүүсийг нь Монголын хил дээр уйлуулж майлуулсан ахул хожим ОХУ их өрийн 98 хувиас чөлөөлөх байсан уу, үгүй юү, бүү мэд. Ямар боловч цалингаа тавьж чадахгүй байсан Орос орны жирийн иргэд тэгж чөлөөлсөн тухайд үг хэл гаргаагүй юмдаг. Тэгэхээр иймэрхүү юмыг өөрийн ойлголт, эрх мэдлийнхээ хүрээнд бие дааж шийдэх цагтаа шийдэх эрх чөлөөг л официоз статус гэдэг юм.
Шинэ тогтолцооны үеийн нэг жишээ гэвэл, Орост ГКЧП буюу Онцгой байдлын улсын хороо гэгч төрийн эргэлт хийсэн үйл явдалд холбогдоно. Гэнэт ТАСС-ын шугамаар ГКЧП-ын тогтоол шийдвэр, толгойлогчдынх нь хэлсэн үг сэлт цувчихсан. Бүх мэдээллийг төр засгийн удирдлагад хүргэсэн. МОНЦАМЭ агентлаг товчлон орчуулж хэвлэл, мэдээллийн байгууллагуудад тараасан. Ерөнхий сайд дуудаж байна. Дуугүй байж бай гэж Ерөнхийлөгч хэлсэн гэнэ. Ерөнхий сайд ч дуугүй байх санаа хэлж байна. Энэ нь буруугүй. Нэн осолтой нөхцөл байдал. Шинэ Орос, хуучин ЗХУ-ын аль нь үлдэх бол гэсэн таагдашгүй ноцтой асуудал. Түүнээс аль түрүүнд МОНЦАМЭ агентлаг тоймлон бичихдээ, ЗХУ-д өрнөсөн үйл явцын эсрэг сөрөг эргэлт гарах магадлал багагүй, тийм нөхцөлд Сталины дэглэм диваажин байсан мэт санагдах болуужин гэж байв. Тийм аюул нэгэнт бодитой заналхийлсэн нөхцөлд Монголын нийгэм нилээд балмагдаж барьц алдсан талтай. Учир нь Орост шинэ, хуучны аль нь ялах вэ гэсэн асуулт манай төөрөг тавилантай холбоотой.
Бүхий л нөхцөл байдлыг нягтлан үзвээс, ГКЧП амжилтад хүрэх магадлал бага юмаа гэсэн дүгнэлт хийж болмоор байв. Дээрээс дуугүй бай гэх нь нэг хэрэг. Эцсийнхээ дүнд дуугарах эсэх нь МОНЦАМЭ-гийн эрх мэдлийн хэрэг, мэргэжлийн түвшний дүн шинжилгээний асуудал. Дуугаръя гэтэл тодорхой шалтаг хэрэгтэй. Орой болж байсан боловч Их Тэнгэрийн аманд болох ямар нэг дипломат үйл явдалд урьсан урилга ирлээ. Очлоо. Гол яриа Орос дахь үйл явдлаар эргэлдэж байх бололтой. Америк, Английн элчин сайдууд Оросын элчинг нилээд хоргоож ярилцаад холдлоо. Би ойртож очин мэнд мэдээд Ерөнхийлөгч Горбачев одоо чухам хаана байгааг асуулаа. Мань хүн илт тоомжоргүй дурамжханаар, хэн мэдлээ, хаана байгаа юм, байх ёстой газраа л байгаа биз гэхшүү дуугарч байна. Би оросын түүхийг гайгүй мэднэ. Эргэлт, урвалт оросын төрд бишгүй байсан боловч хаан, ерөнхийлөгчөөрөө биечлэн томилогдсон элчин сайд нь тийм түргэн зуур шарвахыг мэдэхгүй юм. Зүгээр хүнийхээ хувьд дургүй хүрлээ. Ирэнгүүт мэдээ бичиж, монголын олон нийт ГКЧП-д сөрөг хандах тухайд болон мөнөөх элчин сайдын янз байдлыг дурдаад гадаадад нэвтрүүлчихсэн. Хожим Монголын төр засаг дуугүй байсан нь ГКЧП-г дэмжсэний илрэл гэж дотоод, гадаадад бөөн шуугиан болсон. Төр засгийн удирдлагад эвгүй байдал үүссэн. Би дээш нь хэлсэн, Монгол Улс даруй шуурхай, тов тодорхой дуугарсан. Баримт нь байна. Төр засаг шууд албан ёсоор дуугарах том асуудал гэж ГКЧП-г үзээгүй байх нь аргагүй, харин түүний официоз дуугарах ёстой байсан, тэгээд дуугарсан нь хангалттайг үйл явц өөрөө баталлаа гэж үзмү гэсэн. Түүнээс нилээд хожим ГХЯ-нд энэ үйл явцын үеийн алдаа онооны асуудлаар нэг хуралдсан бололтой юм. Танихгүй нэг дипломат “Чи чинь Монгол Улсын нэрийг нэг хамгаалсан юм байна шүү дээ” гэсээр шил архитай шуурч орж ирсэн удаатай. Би биш, МОНЦАМЭ агентлаг, түүний официоз статус аварч байгаа юм. Иймэрхүү нөхцөл байдал үүсэх нь хуучин, шинэ аль ч үед ховор ч юм биш.
Энд нэг зүйлийг нэмж дурдмаар байна. Мэдээллийн төв байгууллагын хүрээнд мэдээлэлтэй харьцана гэдэг нь мэдээлэлд дүн шинжилгээ хийх үе шатыг зайлшгүй багтаана. Хуучин үеэс нэг жишээ татъя. Манай замнал, туршлагаар буюу капиталист бус хөгжлийн замаар замнах ёстой гэж коммунист хөдөлгөөний зүгээс үзэгдсэн Афганистаны удирдлагад Иди Амин гарч ирсэн. Түүний хэлсэн үг сэлт агентлагийн шугамаар хүрээд ирсэн. Бид уншиж танилцаж амжаад өглөөний ердийн шуурхай зөвлөлгөөнд орсон. Афганистаны асуудал зүгээр дашрамд хөндөгдсөн. Иди Аминыг үгийг харваас, ёстой нэг шудрага хувьсгалчийн үг хэл, үзэл зорилго юмаа гэмээр байсан. Гэтэл бид Иди Амин гэж ёстой нэг үл бүтэх этгээд гарлаа бололтой гэж хэлэлцээд тарсан. Яагаад ч юм урьд сонсдож дуулдаагүй Амины тухай тийм л сэтгэгдэл анх төрсөн хэрэг. Хожим Ю. Цэдэнбалыг Афганистанд айлчлуулах тухай асуудал нилээд урагшилж, ГЯЯ түлхэж буй байдал илэрсэн. Бид агентлагын удирдлагад энэ айлчлалаас сэрэмжлэх тухай дээш нь уламжилваас илүүдэхгүйг сануулсан. Айлчлалын асуудал зогссон. Иди Амин үл бүтэх этгээд байсан нь батлагдсан гэх мэт.
Дэлхийн хоёр систем, “хүйтэн дайн”-ы үед асуудлууд үндсэндээ тодорхой, чиг баримжаатай байсан, харин шинэ нөхцөлд аливаа үзэгдэл юмс, үйл явц, хол ойрын прогнозын тухайд тодорхойгүй төлөв давамгайлах боллоо гэж шинжээчид үздэг нь үнэний хувьтай. Энэ нөхцөлд мэдээллийн ач холбогдол эрс өссөн. Түүнээс илүү мэдээллийн дүн шинжилгээний ач холбогдол өссөн. Улмаар мэдээллийн төв байгууллагын үүрэг зорилго өссөн. Аль ч оронд ийм бөгөөд төр засгууд нь бодлогоо үүнтэй уялдуулан байна. Монгол Улсын хувьд стратегийн орчин нөхцөл, хүрээллийнхээ улмаас төв мэдээллийн агентлагийн үүрэг, функц нэмэгдсэн, цаашид нэмэгдэнэ.
Сэтгүүлч, судлаач Бэсүд Ч.Эрдэнэ