logo
 Хятадуудын Монголд эзлэх байр суурийн талаар

Хятадуудын Монголд эзлэх байр суурийн талаар "The Economic Observer" цахим хуудас хөнджээ

2012/08/29
Хятадуудын Монголд эзлэх байр суурийн талаар “The Economic Observer” цахим хуудас хөнджээ. Энэ нь Хятадын долоо хоног тутмын ижил нэртэй сонины цахим хувилбар аж.
***
МОНГОЛЧУУД ХЯТАД ИРГЭДИЙГ ГАДУУРХДАГ

Сүүлийн жилүүдэд ажил хийхээр Монголыг зоригсдын тоо илт өссөн. Тэд очсон хойноо нутгийн иргэдтэй сөргөлдөх нь элбэг агаад зарим нь хувийн зан араншингаасаа болж байдлыг улам хурцатгадаг байна. Үүнээс шалтгаалан хоёр орны ажилчдын хооронд ширүүн зодоон үе үе гарах болж, Монголчууд гадаад ажилчдын тоог хязгаарлах хууль баталжээ.
Цао вэнь цюнь гурван сарын өмнө Өвөр Монголын Эрээн хотоос Улаанбаатарт иржээ. Хятад ресторанд тогоочоор ажилладаг тэрбээр хааяа гадуур гарч, тансаг зэрэглэлийн хорооллоор явдаг байж. Нэг удаагийн ээлжит зугаалгын дараа хамт ажиллагсад нь түүнд “Монголчууд бидэнд дургүй. Тиймээс шөнө орой битгий ганцаараа яв” гэж анхааруулжээ. Хэдийгээр өмнө нь ямар нэг эвгүй асуудалтай нүүр тулаагүй ч тэрбээр зөвөлгөөг хүлээн авчээ. Учир нь “Энэ бол тэдний газар нутаг, болгоомжтой байсан нь дээр” гэв. Харин энд дөрвөн жил гаруй амьдарч буй рестораны менежер Ван “Нөхцөл байдал тийм ч муу биш” гээд “Монгол, Хятад иргэдийн хооронд хааяа марган дэгддэг. Тэдгээрийн зарим нь Хятадуудын буруугаас болсон байдаг” хэмээн нэмэв.

ХЯТАД АЖИЛЧИДТАЙ ТУЛАЛДАХ НЬ

Хятад ажилчдын асуудал өнөөдөр Монголын улстөрийн хүрээнд ч яригдах болсон байна. Энд байгаа Хятадууд бүгд нутгийн иргэдтэй сөргөлдөөгүй нь мэдээж. Гэвч өмнө гарсан хэргүүдийн тухай Монголчууд хоорондоо хачир нэмэн ярилцдагаас болж эндхийн Хятадуудын хувьд байдал улам дордоод байгаа аж. “Шөнийн цагаар гудамжинд согтуу эрчүүд олширдог. Тэд Хятад гэдгийг чинь мэдэх л юм бол гарцаагүй дайрч давшлана” гэж энд амьдардаг нэгэн ярив.
Монголд барилгын компани ажиллуулдаг Цао Журон “Сүүлийн үед энд үл хөдлөх хөрөнгө, барилга, бүтээн байгуулалтын салбар хүчээ аван хөгжиж байна. Үүнийг дагаад мэргэжлийн чадварлаг ажилчдын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаагаас манайхаас ирэх ажилчдын тоо өссөн. Зодоон, цохионд холбогдсон Хятад ажилчдын тухай мэдээлэл шинэ зүйл байхаа хэдийнэ больсон” гэлээ.
Зөрчил, сөргөлдөөний нэг шалтгаан нь хэлний бэрхшээл, түүнээс үүдэлтэй үл ойлголцол аж. Чанга дуугаар түргэн ярьдаг өмнөд нутгийнхан энд олноороо ажилладаг бөгөөд тэдний энэ онцлог нутгийн иргэдэд захиргаадаж, зандраад байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байх магадлалтай юм. Учир нь Монголчууд хоорондоо аядуу нам дуугаар ярилцдаг агаад зөвхөн маргалдаж, мэтгэлцэх үед л дуугаа өндөрсгөдөг аж.
Тэмцэлд турхирч, нөхцөл байдлыг хурцатгадаг өөр нэг шалтгаан нь Хятад ажилчдын хувийн зан араншин. Тэд нутгийн эздийг архичин, залхуу хойргоор нь дуудах, хоёр орны хөгжлийг харьцуулан жиших, “Монгол манай нутаг дэвсгэрийн нэг хэсэг байсан” зэргээр үг хэлээр басамжлан доромжилдог байна. Энэ нь мэдээж Монголчуудын дургүйцлийг хүргэж, тэвчээрийг бардаг аж.
Барилгын компаниуд ажилчдаа нэг муж, дүүргээс авдаг учир цөөн тооны буюу нэгээс хоёр Монгол тэдэнтэй сөргөөцөлдөхөд олны өмнө хүч мөхөстөх нь мэдээж. Ийм тохиолдлын дараа тэд ихэвчлэн баруунтны үзэл бүхий бүлэглэлүүдтэй нэгдэн, олуулаа болон буцаж ирдэг байна. Ийнхүү жижиг мэт зөрчил том бүлэг хоорондын зодоон болон хувирдаг аж. Энэ мэт ширүүхэн мөргөлдөөн өнгөрсөн жил цөөнгүй гарсан бөгөөд тэдгээрийн олонхид нь Хятад ажилчид баривчлагдан хоригджээ. Тэдэнд Элчин сайдын яамны зүгээс тусалдаг ч, гэмт хэрэгт холбогдон хууль зөрчсөн тул олон зүйлээр туслаад байх боломж хомс байдаг гэнэ.
Энэ жилийн хувьд барилга дээр ажиллаж байсан 20 Хятад, 70 гаруй Монголчуудын хооронд хэдийнэ ширүүн зодоон болоод амжсан байна. Монголчуудын олонхи нь баруунтны үзэл бүхий “Даяар Монгол” хөдөлгөөний залуус байжээ. Аз болоход мөргөлдөөнийг хяналтаас гарахаас нь өмнө компанийн зүгээс цагдаа дуудаж амжсан ч энэ үеэр таван Хятад ажилтан гэмтсэн байна.
Сүүлийн жилүүдэд тус улсад “Даяар Монгол”, “Хөх Монгол” зэрэг Хятадын эсрэг үзэлтэй хэд хэдэн бүлэглэл үүсчээ. Эдгээр нь бүгд хууль журмын дагуу байгуулагдсан бөгөөд хувцас, машин дээрээ Нацизмын Хас тэмдэг зурсан байдаг байна. Гишүүд нь онцгой тохиолдолд хоорондоо холбогдон маш богино хугацаанд нэг дор цугларч чаддаг аж. Тэд Хятад төдийгүй бүх гадаад иргэдийг эсэргүүцэн тэмцдэг гэнэ.

ХЯТАДЫГ ЭСЭРГҮҮЦЭХ НЬ

Монгол дахь Өвөр Монголын Худалдааны танхимын ерөнхийлөгч Лю Ба Тэ Эр “Монголчууд ерөнхийдөө Хятадуудад дургүй гэдэг нь бодит үнэн” гэв. Энэ байдал гадуур явахад илт ажиглагддаг гэнэ. Зарим таксины жолооч үйлчлэхээс татгалзаж, хотын ойролцоох жуулчны баазууд үйлчилгээнийхээ үнийг өсгөх зэргээр илт таагүй ханддаг байна. Лю “Монголчууд үнэхээр сонин сэтгэлгээтэй. Эдийн засгийн хувьд тэд өмнөд хөршөөсөө ихээхэн хамааралтай төдийгүй байнга тусламж хүсдэг. Харин улс төрийн талаас нь харахаар Хятадыг муу хэлснийхээ хэрээр л нэр хүнд нь өсөөд байдаг. Албан хаагчдаас нэг нь ч өмнөд хөршийнхөө иргэнтэй нөхөрлөдөг гэдгээ ил хэлж зүрхлэхгүй. Гэсэн мөртөө тэдний зарим нь Бээжингээс ирсэн найз нартаа Хятадуудад дургүй хандлагаас айлгүй, гадуур чөлөөтэй яваарай гэж зөвлөсөн байдаг. Тэгэхээр энэ бол зөвхөн улстөр байх” гэв.
Хятадуудад таагүй хандах болсон өөр нэг шалтгаан бол улс орныг нь эзэлчихэж магадгүй гэх айдас. Энэ нь Хятад хэдийнэ Хонконг, Макаог өөртөө нэгтгэсэн, удахгүй Тайвань арлыг авна. Дараа нь Монгол байж болзошгүй гэх хардлагаас эхтэй. Энэ үзэл тус улсад тун түгээмэл бөгөөд мөнөөх бүлэглэлүүдийн уриа, ухуулгад ч дурдагддаг. “Энэ мэт сөрөг санаануудыг тус улсын дээд удирдлагын зүгээс олон нийтийн дунд өргөн цар хүрээтэй тараадаг” гэж Лю үзэж байгаа юм. “Түүхийн явцад үүссэн Монголын гол дайсан нь Хятад. Үүнийг улстөрчид овжин ашиглаж өдгөө ч үндэсний хэмжээнд дэмжлэг авах гол хэрэгсэл болгосоор байгаа нь энэ” гэж тэрбээр тайлбарлав. Тэд гадныхныг эсэргүүцэгчдийн санаанд нийцүүлэхийн тулд гадаад ажилчдын тоог хүн амын нэг хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан байна. Энэ дагуу 2.8 сая хүн амтай тус улсад 28 мянгаас илүү гадаад ажилчин байх ёсгүй. Тиймээс үл хөдлөх хөрөнгө болон барилгын салбарт долоон Монголд нэг Хятад ажилтан ногдож байхаар заажээ. Харин уул уурхайд найм, нэгийн харьцаатай байдаг аж. Гэвч бодит байдал дээр Хятад ажилчдын тоо энэ хязгаарлалтаас хол давсан гэж Зао үзэж байна. Тэгэхээр энэ стандарт хөдөлмөрийн үнэлгээг хий хөөрөгдөж, асуудлыг хүндрүүлэхээс цаашгүй хоосон заалт болж таарч байгаа юм.

ОРЛУУЛАШГҮЙ АЖИЛЧИД

Хэдийгээр Монголчууд Хятадууд бидний ажлын байрыг булааж байна хэмээн гомдоллодог ч, Улаанбаатараас ажилчин олно гэдэг амаргүй даваа. Учир нь тус улсын ажиллах хүчний нөөц тун бага учир ажилчин олдох нь ховор. Олдсон нэг нь залхуу, архи уудаг, болж өгвөл ажлын цагийг хий дэмий өнгөрүүлэх дуртай учир удирдаж ажиллах гэдэг толгой өвтгөсөн асуудал байдаг гэнэ. Тиймээс хятад эзэдтэй компаниуд илүү өндөр үнэ төлдөг ч гэсэн нутаг нэгтнээ ажиллуулах сонирхолтой байдаг аж. Ийм тохиолдолд тэд нарийн мэргэжлийн ажилтанд сар бүр 10 мянган юанийн цалин өгөхөөс гадна Монголын Засгийн газарт ажилчдынхаа тоогоор 1500 юань нэмж төлдөг байна.
Барилгын компанийн захирал Цао Журон “Одоо Хятадад ч цалин өссөн. Хэрэв тэндхээс хоёр дахин илүү цалин өгөхгүй бол энд ирж ажиллах хүн олдохгүй болсон” гэв. Тэрбээр энэ жил зургаан сараас нэг жилийн хугацаатай ажиллах виз бүхий 400 ажилчин авчрахаар төлөвлөжээ. Монгол, Хятад ажилчид тусдаа байрлах агаад Хятад ажилчид барилгын талбайгаас гарч болохгүй, архи ууж болохгүй гэсэн журам мөрддөг байна.
Мэдээж ажилчдыг удирдахад нарийн арга ухаан шаардагддаг гэж Цао онцолсон. Юуны өмнө ажилчдын хувийн эрх чөлөөнд халдаж болохгүй. Энд ажилчид хов зөөх нь түгээмэл байдаг бөгөөд чухам хэн “алтан хошуу” өргөснийг мэдсэн бол түүнийг ноцтой хараад байх шаардлагагүй байдаг аж. Хэрэв тэгэх л юм бол асуудал цагдаагийн байгууллага дээр очиж төгсөнө гэдэг нь 80 хувийн баталгаатай гэнэ.

Орчуулсан Ж.Баярмаа
Эх сурвалж: http://www.eeo.com.cn/ens/2012/0823/232367.shtml

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш