logo
Шинэ парламентын анхны зочид өнөөдөр ирнэ

Шинэ парламентын анхны зочид өнөөдөр ирнэ

2012/08/29
Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНСВУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хоанг Дуан Тхинийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Хоанг Дуан Тхинь өөрийнх нь хүсэлтийг хүлээн авч цаг зав гарган уулзаж байгаад УИХ-ын даргад талархлаа илэрхийлэхийн ялдамд Монголын шинэ парламентын тэргүүнээр сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүсэв.
Тэрбээр Монгол-Вьетнамын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор Парламент хоорондын болон Парламентын Тамгын газар хоорондын харилцаа улам өргөжин хөгжиж байгаа, хоёр улсын Парламент найрамдлын бүлгүүдийн харилцаа тогтмолжиж байгааг дурдаад “цаашдаа парламентын Байнгын хороод хоорондын харилцаа гүнзгийрэн хөгжинө гэж найдаж байна, тухайлбал, маргааш Вьетнамын Үндэсний Ассамблейн гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлах гэж байна. Вьетнамын ард түмэн хуучин Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэж байгаа учраас Монголын парламентчдын олон жилийн туршлагыг судлах хэрэгтэй байна” гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд ноён Элчин сайдыг хүрэлцэн ирж уулзсанд талархлаа илэрхийлээд Зүүн өмнөд Ази дахь гол түнш орнуудын нэг БНСВУ-тай харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх салбарт өргөтгөн хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлов. Мөн тэрбээр “Манай хоёр орны парламент хоорондын харилцааны давтамж сайн байгаа. Үүний нэг илрэл нь БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Хууль зүйн байнгын хорооны дэд дарга, ноён Данг Динг Лүен тэргүүтэй төлөөлөгчид манай шинэ парламентын анхны зочид болж байгаа явдал юм. Хоёр орны парламент, парламент дахь найрамдлын бүлгүүд, Байнгын хороод, Тамгын газрын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай байдаг” гэлээ. Тэрбээр бас БНСВУ-ын Ерөнхийлөгч Чыонг Тан Сангийн урилгаар энэ оны 10 дугаар сарын эцсээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Вьетнам улсад хийх айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын дарга мөн “Өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталсны 20 жилийн ойг тэмдэглэсэн. Шинэ Үндсэн хуулийг боловсруулахаас батлах хүртэлх бүхий л ажлыг гардан хийсэн туршлагатай парламентчид бий. Бидний туршлага та бүхэнд хэрэгтэй бол харамгүй хэлж өгнө байх” гээд АСЕАН-ы үйл ажиллагаанд Монгол Улсын оролцоог бий болгох манай санаачилгыг Вьетнам Улс цаашид ч дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш