logo
МАН-ын гишүүд хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэв

МАН-ын гишүүд хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэв

2012/08/29
МАН-ын гишүүд өчигдөр хуралдаж, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулийн төслийг хэлэлцсэн талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Бямбацогт нар сэтгүүлчдэд мэдээллээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд хэлэхдээ “Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгохдоо гуравны нэг хүртэлхийг намын листээр сонгохоор тусгасан нь буруу. Үндсэн хуулийн хэм хэмжээг зөрчсөн заалтууд ч хуулийн төсөлд орсон байна. Орон нутгийн сонгуулийг хэт улстөржүүлж болохгүй.
Бид орон нутгийн удирдлагууд, иргэдийн зүгээс орон нутгийн сонгуультай холбоотой санал бодол, байр суурийг нь авах, өөрсдийнхөө дүгнэлт байр суурийг тусгахаар төлөвлөж байна. Хуулийн төслийг хэдийгээр маргаашнаас хэлэлцэж эхлэх ч гэсэн бидэнд бас боломж байгаа. Сонгуулийн ажлыг зохион байгуулж ирсэн хүмүүсийн санал, байр суурийг авч тусгахаар төлөвлөсөн” гэлээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ “МАН-ын 25 гишүүн сонгогчдоо төлөөлөн УИХ-д сууж байгаа. Намын бүлэг байгуулагдсан боловч одоог хүртэл хүлээн зөвшөөрч чадахгүй байна. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон нар МАН-ын гишүүдийг бүлэгтэй болгох хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн ч энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсангүй. Тэгсэн атлаа ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд 13 асуудлыг багтаасан байна. УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаан өчигдөр болсон ч МАН-ын бүлгийн гишүүдээс холбогдох хүмүүсийн алийг нь ч оролцуулалгүй асуудлыг шийдлээ” гэсэн юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш