logo
Kолумбын засгийн газар ФАРК бүлэгтэй хэлэлцээ хийж байна

Kолумбын засгийн газар ФАРК бүлэгтэй хэлэлцээ хийж байна

2012/08/29
Колумбын засгийн газар хагас зуун жил үргэлжилсэн зөрчил мөргөлдөөнийг эцэс болгох зорилгоор "ФАРК" зэвсэгт бүлэгтэй урьдчилсан шатны хэлэлцээрийг эхлүүлсэн гэдгийг энэ улсын ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос батлан мэдэгдлээ. Түүний телевизээр хийсэн товч мэдэгдлийн дараа Колумбын засгийн газрын төлөөлөгчид болон зэвсэгт бүлгийнхэн Кубад хэлэлцээгээ эхлүүлсэн байж магадгүй талаар мэдээлэл гарсан байна. Сантос хэлэлцээр яг хэзээ эхэлсэн гэх мэт нарийн мэдээллийг өгөөгүй аж.
Колумбын эрх баригчид 2000- 2010 оны хооронд Америкийн талын дэмжлэгтэйгээр ажиллагаа явуулсны дүнд 9000 орчим дайчидтай "ФАРК" бүлгийн хүчийг нилээд сулруулсан байна. Гэвч сүүлийн үед тус зэвсэгт бүлгийн халдлага дайралтын тоо нэмэгджээ. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч ням гаригт зүүн өмнөд хэсэгт орших Мета мужид машинд тавьсан бөмбөг дэлбэрсний улмаас зургаан хүн амь үрэгдсэн байна. Тэдний хоёр нь хүүхэд байжээ.
Ерөнхийлөгч Сантос "Зэвсэгт бүлэгтэй тохиролцоонд хүрэх үйл явц үргэлжилж байх зуур цэргийн ажиллагаа үргэлжилсээр байх болно. Учир нь манай засгийн газар өмнөх алдаанаасаа суралцсан" гэж мэдэгджээ.
Хамгийн сүүлд Колумбын засгийн газрын Фарк бүлэгтэй хийсэн хэлэлцээ бүтэлгүй болж байсан. Учир нь тухайн үед зэвсэгт бүлгийнхэн аюулгүйн хүчнийхэн рүү халдан довтолж, улс төрчдийг хулгайлахын зэрэгцээ хар тамхи дамласаар байжээ. Колумбын хамгийн нөлөө бүхий зэвсэгт бүлэг болох ФАРК-ийн босогчид 1964 оноос хойш засгийн газрынхаа эсрэг тэмцсээр ирсэн билээ.
Сантосыг мэдэгдэл хийсний дараа буюу даваа гаригт Венесуэлийн Телесур телевизээр Колумбийн засгийн газрын төлөөлөгчид Гавана хотод урьдчилсан тохиролцоонд гарын үсэг зурж, 10-р сард Норвегийн Осло хотод энхийн хэлэлцээг эхлүүлэхээр боллоо гэж мэдээлсэн байна. Колумбын албаны хүмүүс энэ мэдээллийг батлаагүй ч үгүйсгээгүй байгаа юм.
Үндэсний Чөлөөлөх Арми нэртэй босогчдын бүлэг ч мөн энхийн хэлэлцээнд оролцох хүсэлтээ илэрхийлсэн хэмээн ерөнхийлөгч Сантос мэдэгдэл хийх үеэрээ дурдсан байна. Тус бүлэг өмнө нь засгийн газартай энхийн хэлэлцээ хийж байсан ч тохиролцоонд хүрч чадаагүй ажээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш