logo
Мохаммед Морси Башар Асадын эсрэг байна

Мохаммед Морси Башар Асадын эсрэг байна

2012/08/29
Даваа гаригт Египетийн ерөнхийлөгч Мохаммед Морси Сирийн хямралын талаар байр сууриа илэрхийллээ. Түүний үзэж байгаагаар Сирийн ерөнхийлөгч Башар Асад сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээ хийхэд хэтэрхий оройтжээ. Морси хэлэхдээ "Дэглэмийг хэрхэх эсэхээ шийдэх хүмүүс бол Сирийн ард түмэн. Сиричүүд Башар Асадын засгийн газар огцрох ёстой гэдгийг тодорхой илэрхийлсэн. Бид Сирийн ард түмний хүсэл эрмэлзлийг дэмжих тухай, өөрчлөлт хийх тухай ярих хэрэгтэй" гэжээ.
Морси түүнчлэн Ливид явуулсантай адил цэргийн ажиллагаа Сирид давтагдахыг дэмжихгүй гэдгээ хэлсэн байна. Тэрээр мэдэгдэхдээ "Сирийн нутаг дэвсгэр дээр ямар нэг цэргийн ажиллагааг явуулахыг бид эсэргүүцэж байна. Эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн Сирийн ард түмэнд зорилгодоо хүрэхэд нь энхийн замаар, үр дүнтэй аргаар туслахыг хүсч байна" гэжээ.
Мохаммед Морси өнгөрөгч зургадугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Өнгөрсөн онд Араб, Хойд Африкийн зарим улсын ард иргэд ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэл өрнүүлсэн билээ. Үүний дүнд тэд улс орноо олон жил захирч байсан удирдагчдаа төрийн эрхнээс түлхэн унагасан. Хамгийн түрүүнд Тунисын ерөнхийлөгч Бен Али, цаашлаад Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак нар ард түмнийхээ шаардлагаар огцорсон бол Ливийг 40 гаруй жил удирдсан Муаммар Каддафи босогчдын гарт амиа алдсан. Мөн Йемений ерөнхийлөгч Али Абдулла Сале эцсийн дүнд огцорсон юм. Эдгээр улсуудад сонгууль явагдаж, ард түмний төлөөлөл төрийн эрхэнд гараад байгаа билээ. Харин Сири улсад өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш тогтворгүй байдал, дайн тулаан үргэлжилсээр байна. 2000 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Башар Асад огцроогүй цагт Сири дэх дайн тулаан үргэлжилсээр байх төлөвтэй байгаа юм. Гэхдээ олон улс Сирийн хямралыг шийдэхийн тулд дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь томоохон гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гэдгийг зарим шинжээчид хэлж байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш