Африкийн Ангол улсад үйл ажиллагаа явуулдаг байсан гэмт хэргийн 12 бүлгийн 37 сэжигтэнг Анголаас Хятадад авчирсан байна. Тэд Африкийн орнууд болон АНУ-д зохион байгуулалттай гэмт хэрэг үйлддэг байжээ. Үүнд хүн хулгайлах гэмт хэрэг, хүний наймаа, охидыг хүчээр биеийг нь үнэлүүлэх зэрэг гэмт хэрэг үйлддэг байжээ. Хятадын цагдаа нарын мэдэгдэж байгаагаар уг гэмт хэргийн бүлгийн гишүүд залуу Хятад эмэгтэйчүүдэд гоё сайхан ажил амлан харийн нутагт аваачин, бичиг баримтыг нь хураан авч, хүчээр биеийг нь үнэлүүлдэг байжээ. Хууль сахиулагчид уг гэмт бүлгийн золиос болоод байсан 14 Хятад хүнийг Анголын нийслэл Лоандагаас олж илрүүлж, мөн Хятадад авчирсан байна. Одоогийн байдлаар баруун Африкийн орнуудад 12 бүлэг үйл ажиллагаа явуулдаг байсан нь тогтоогдоод байна. Хятадын хувьд уг ажиллагаа нь харь улсад явуулсан, мөн нэгэн зэрэг хамгийн олон Хятад хүнийг сэжигтнээр баривчилсан явдал болссон байна. Уг баривчлах ажиллагааг Хятадын цагдаагийн газар болон Анголын цагдаагийн газар хамтарч явуулжээ. Байгалийн баялаг ихтэй Ангол улсад уул уурхай ихээр нээгдэж, түүнийг дагасан шинэ зах зээл, шинэ гэмт хэрэг гарах болсноор уг гэмт хэргийн бүлгүүдийн бизнес цэцэглэж эхэлсэн байна. 2009 онд Хятад улс АНУ-ыг гүйцэж Африкийн орнуудын хамгийн том худалдааны түнш болсон байна. Африк тивийн асар их байгалийн баялаг Хятад, Энэтхэг мэтийн эдийн засаг хурдтай хөгжиж байгаа орнуудыг соронзон мэт татаж эхлээд байгаа юм. Европын орнуудын хувд Африк тив нь эрчим хүчний түүхий эд ханган нилүүлдэг гол бааз байсан. Харин сүүлийн үед Хятадын гадаад валютын нөөц эрс нэмэгдэж, Африкт хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь барууны орнуудыг түгшээх болсон байна.
Shuum.mn
Shuum.mn