logo
Сирийн дүрвэгсдийн тоо улам нэмэгдсээр байна

Сирийн дүрвэгсдийн тоо улам нэмэгдсээр байна

2012/08/31
Хэрвээ мөргөлдөөн хурцадсаар байвал Сирийн 200 мянга гаруй дүрвэгч Туркт нэвтрэн орж ирж магадгүй гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг мэдэгдлээ. "Дүрвэгсдийн тоо 200 мянгад хүрнэ гэж бид урьдчилан тооцоод Туркийн засгийн газартай хамтран төлөвлөгөө боловсруулж байна" хэмээн НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын /ДАЭДК/ хэвлэлийн төлөөлөгч Сибелла Уилкес ярьжээ.
Одоогийн байдлаар 74 мянга 112 дүрвэгч Туркт байгаа бүртгэгдээд байгаа бөгөөд өмнө нь байсан 9 хуарангаас гадна 5 хуаран шинээр боссон байна.
Түүнээс гадна, 70 мянга орчим Сирийн дүрвэгсэд Иордан улсад иржээ. "Олон мянган хүн Иордантай залгаа хилээс холгүй орших Дераа хотод дэгдсэн хүчирхийллээс зугтан хил давахаар зэхэж байна" гэж ДАЭДК-ын ахлах хэвлэлийн төлөөлөгч Мелисса Флеминг Женев хотод мэдэгдэв.
Дээд комиссарын газар Сиритэй хил залгаа 4 улс /Иордан, Ирак, Ливан, Турк/ руу дүрвэн гарагсдын тоо энэ онд 185 мянгад хүрнэ гэж тооцоолж байсан боловч энэ тоо 214 мянгад хүрээд байна. Тухайлбал, сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд гэхэд өдөр бүр 5 мянган хүн Туркийн нутагт нэвтэрч байгаа тухай мэдээ иржээ.
Б.Адъяахүү  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш