logo
Сөргөлдөгч талуудад зэвсэг нийлүүлэхгүй байхыг уриаллаа

Сөргөлдөгч талуудад зэвсэг нийлүүлэхгүй байхыг уриаллаа

2012/08/31
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сирийн мөргөлдөөнд оролцож буй сөргөлдөгч талуудад зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг уриаллаа. Энэ тухай түүний албан ёсны төлөөлөгч Мартин Несирки Тегеран хотоос мэдээлжээ.
Бан Ги Мүн Ираны нийслэл Тегеранд хотод болж буй Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний /ЭҮНХ/ дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа бөгөөд тус улсын удирдлагуудтай уулзсан байна.
"Ерөнхий нарийн бичгийн дарга Сирийн мөргөлдөгч талуудад зэвсэг нийлүүлэхгүй байхыг дэлхийн улс орнуудад уриалсан" гэж Бан Ги Мүнийг аятолла Али Хаменей болон Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадтай уулзсаны дараа М.Несирки мэдээлжээ.
Долоо хоногийн өмнө болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ Ойрхи Дорнодын асуудлаар хийсэн хуралдааны үеэр Бан Ги Мүний улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Жефри Фелтман Иран улс АЗ-ийн шийдвэрийг зөрчин Сирид зэвсэг нийлүүлж байна гэх асуудлыг хөндсөн байна. Харин Сирийн сөрөг хүчнийхэнд Катар, Саудын Аравиас зэвсэг нийлүүлж байна гэж хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мөн "хүчирхийллээ нэн даруй зогсоож, яриа хэлцээ явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Сирийн Засгийн газарт нөлөөлөхийг" Ираны эрх баригчдад уриалжээ.
Харин цөмийн хөтөлбөртэй нь холбоотой асуудлын хувьд Бан Ги Мүн Тегераны "зургаан талтай" хийж буй хэлэлцээг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдээд, олон улсын хамтын нийгэмлэгийн эргэлзээг арилгахын тулд тодорхой алхам хийхийг Иранаас шаардсан байна.
Түүнчлэн дээд хэмжээний уулзалтын үеэр Иран улсын санаачилгаар ЭҮНХ-ний гишүүн орнууд Сирийн хямралыг шийдэх гарцыг хайх бүлэг байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ тухай Ираны Гадаад хэргийн сайд Али Акбар Салехи лхагва гарагт мэдэгдсэнийг ИТАР-ТАСС агентлаг уламжиллаа.
Д.Жаргал

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш