АНУ-ын зүүн эргийн мужуудыг дайраад байгаа Айзак хар салхины улмаас хойшлоод байсан Бүгд Найрамдах намын Үндэсний Конвенци буюу намын бага хурал Флорида мужийн Тампа хотод амжилттай болж өнгөрлөө. Бүгд Найрамдах намын гишүүд дэмжигчид санал нэгтэйгээр Митт Ромниг дэмжжээ. Тэрээр 2061 санал аван ирэх 11 сард болох ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн цагаан ордны тэргүүн Барак Обаматай өрсөлдөхөөр боллоо. Уг мэдэгдлийг АНУ-ын Конгрессийн спикер Жон Бейнор албан ёсоор хийсэн байна. Хуралд оролцсон холливүүдийн алдарт жүжигчин Жон Вогт Ромниг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Түүний ярьж байгаагаар АНУ улстөр, цэрэг, эдийн засгийн хувьд хүндхэн байдалд ороод байгаа. АНУ дэлхийн энхтайван, сайн сайхны төлөө чөлөөт ертөнцийг хамгаалахын төлөө бодлого явуулдаг. Гэтэл энэ байдал сүүлийн үед алдагдаад байна. АНУ-ыг эргүүлэн хүчирхэг байдалд аваачих хүн тэдэнд хэрэгтэй байна. Тэр хүн бол Митт Ромни юм байна. АНУ-ын дэд ерөнхийлйөгчид нэр дэвшээд байгаа Пол Райн, өөрийн төрөлх хот Висконсин мужийн Жейнсвилл хотод сонгуулийн кампанит ажлаа өрнүүлж байгаад Тампад ирж Бүгд Найрамдах намын Үндэсний Конвенцид оролцсон байна. Хэрэв Митт Ромни ялалт байгуулбал Пол Райн автоматаар дэд ерөнхийлөгч болох юм. Учир нь АНУ-ын улстөрийн системд дэд ерөнхийлөгчийн сонгууль гэж байдаггүй. Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нар нэгэн зэрэг сонгогддог юм. Өөрөөр хэлбэл тэд хамт өрсөлдөж байна гэсэн үг юм. Митт Ромни ерөнхийлөгч болбол Обамагийн санаачилж батлуулсан ”Обама Кэйр”буюу маш их зардлаар боссон эрүүл мэндийн салбарын занхайлтыг өөрчилж багасгана. Татварыг бууруулна, засгийн газрын хэт том бүтцийг багасгана, ажлын байрыг нэмэгдүүлнэ, их өрийг бууруулна, батлан хамгаалах салбарын зардлыг нэмэгдүүлж АНУ-ыг хүчирхэг байсан хуучийн байр суурин дээр нь аваачна гэж амлаад байгаа юм. Намын Конвенцид 20 мянга гаруй зочид төлөөлөгчид, түүний дотор дуучид, бүжигчид хүрэлцэн ирж тоглолтоо сонирхуулсан байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх 11-р сарын 6-ны Мягмар гаригт болно. АНУ одоогийн ертөнцийн чиг хандлагыг тодорхойлж байгаа болохоор ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн анхаарлын төвд байна.
Shuum.mn
Shuum.mn