Израйлийн эрх баригчид ард иргэддээ хорт хийнээс хамгаалах баг тарааж эхлээд байна. Учир нь Иран болон барууны улсуудын харилцаа хурцадмал хэвээр байгаа. АНУ-ын холбоотон Израйль улс Ираны цөмийн аюулаас өөрсдийгөө хамгаалах үүднээс Ираны цөмийн байгууламжинд түрүүлж цохилт өгөх, болзошгүй халдлагаас сэргийлэхийн тулд бэлтгэл сургуулилтаа базааж байна. Израйлийн сурвалжлагч нар ч Ерөнхий сайд Бенямин Натаньяхугийн уг байр суурийг батлаад байна. Израийн Чаннел 10 сувгийн сэтгүүлч Алон Бен-Давидын ярьж байгаагаар Израйлийн эрх баригчид 11 сарын 6 буюу АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас урьтаж Иранд цохилт өгч магадгүй байгаа юм байна. Учир нь шинэ ерөнхийлөгч сонгогдвол Ираны талаарх АНУ-ын бодлого өөрчлөгдөж магадгүй. Мөн 11 сар гэхэд Иран улс илүү олон хүчирхэг дунд тусгалын пуужинтай болж магадгүй байгаа юм байна. Тэгээд ч Иран улс саяхан дахин шинэ дунд тусгалын пуужин туршаад байгаа. Алон Бен-Давидын ярьж байгаагаар Израйль улс одоо л өөрсдийгөө хамгаалахгүй бол өөр хэн ч хамгаалахгүй. Цаг алдаж болохгүй гэж үзэж байгаа юм. Харин АНУ-ын хувьд Израйлийн агаарын довтолгоог эсэргүүцсэн хэвээр байгаа. Ираны эсрэг тавьсан хориг Лалын Бүгд найрамдах улсыг аяндаа сулруулж буулт хийхэд хүргэнэ гэж Америкчууд үзсээр байгаа юм. Гэхдээ Израйльчуудын ихэнх нь дайны эсрэг байгаа. Улс төрийн ажиглагч Ури Дромигийн үзэж байгаагаар АНУ болон бусад холбоотнуудаасаа хангалттай дэмжлэг аваагүй байж агаарын довтолгоог яарч эхлүүлэх нь осолтой юм байна. Ямартай ч Израйлийн ард иргэд хорт утаа, цөмийн аюулаас сэргийлэх баг хэрэгсэл авсаар байна. Израйль хэрэв Ираны цөмийн байгууламжинд цохилт өгвөл бас нэг Персийн булангийн сунжирсан дайн эхлэх магадлалатай гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ яг хэзээ яаж довтолгоог эхлүүлэх нь тодорхойгүй байна.
Shuum.mn
Shuum.mn