logo
Өглөө эрт босдог хүнийг тэнгэр таалдаг, өөртөө итгэлтэй хүнд бурхан тусалдаг

Өглөө эрт босдог хүнийг тэнгэр таалдаг, өөртөө итгэлтэй хүнд бурхан тусалдаг

2012/09/01
Нийслэл хотод унаа машиний тоо толгой хэрээс хэтэрснээс үүдэн замын ачаалал замбараагаа алдаж, замын бөглөрөл бүх нийтийг бухимдуулах болоод удаж байгаа билээ. БШУЯ-наас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн хэд хэдэн сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлт нь түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан аж. Тиймээс энэ жил дараах сургуулиудын цагийн хуваарийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн мөрдөхөөр боллоо.Үүнд 08: 30 цагаас хичээл нь эхэлдэг байсан "Орчлон", "Сант", "Олонлог" сургууль 08:00 цагаас, 08:00 цагт эхэлдэг байсан ШУТИС-ийн хичээл 07:40 цагаас, 08:00 цагаас хичээл нь эхэлдэг байсан 23 дугаар сургууль 07:30 цагаас эхлэн хичээллэх болж байна.
Тэгвэл саяхан нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргаа, төсвийн болон тэдгээрийн харьяа бүх байгууллага, бусад төрийн болон төсөвт байгууллагын ажил эхлэх, дуусах цагт Засгийн газар өөрчлөлт орууллаа. Энэ дагуу Улаанбаатар хот дахь бүх төрийн байгууллагын ажил 8.00 цагт эхэлж 17.00 цагт дуусна. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг 8.00 цагт хүүхдүүдээ хүлээн авах бол их, дээд сургуулийн хичээл 09.00 цагт эхлэх юм байна. Энэ шийдвэрийг 9 дүгээр сарын 3-ны өдрөөс мөрдөж эхлэхээр боллоо.
Энэ шийдвэр хэзээнээсээ нэлээд алгуурхан оройтож унтан амарч харин өглөө нь эцэг эхээрээ шахаж шаардуулан арайхийн босдог манай хүүхэд залуус төдийгүй нийт хүмүүсийн хувьд дагаж мөрдөх, биелүүлэхэд нэлээд төвөгтэй санагдаж буй нь ойлгомжтой. Энэ шийдвэрээс үүдэн ажил төрөл, хичээл номоосоо байнга хоцрох, тэр өдрийн хичээлийн эхний цагийг таслах, улмаар хичээлийн ирц бүрдэхгүй байх гэх зэрэг сөрөг үр дагаврууд үүсч болзошгүй юм.
Гэтэл эртлэн сэрж босно гэдэг нь тийм ч барагдашгүй хүнд бэрх хэрэг биш төдийгүй харин ч эрхтэн сэрж босох нь амьдралд нэн ашиг тустай болох талаар өгүүлэхийг хичээлээ. Тэгээд ч монголчууд "Бар цагт босвол өдрийн ажил бүтнэ, бага насандаа сурвал насны хэрэг бүтнэ" хэмээн хэлэлцсээр ирсэн эртэч, хөдөлмөрч, босоо ард түмэн билээ...
"НЭГ ӨДӨР- ХОЁР ӨГЛӨӨ". Эртэч амьдралын нэгэн сонирхолтой гэмээр жишээ бол Испани зэрэг өдрийн цагаар нар галзуурсан мэт төөнөдөг бүс нутгийнхны баримталдаг СИЕСТА хэмээх зуун зуунд хэнбугай нь ч зөрчөөгүй ариун дагшин нэг заншил юм. Тэд өглөө эртлэн босч өдрийн халуу шатахаас өмнө хамаг ажлаа амжуулж аваад өдрийн халуунд тухтайхан амарч, тэгээд үдээс хойш сэрүү ормогц дахин идэвхтэйгээр ажиллаж эхэлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл тэд "НЭГ ӨДӨР- ХОЁР ӨГЛӨӨ" гэсэн зарчмыг баримталдаг ч гэж хэлж болмоор.
Газар дундын тэнгисийн улс орнууд болон Латин Америкийн соёлын салшгүй хэсэг болсон СИЕСТА буюу үд дундын нийтийг хамарсан дугхийлт, нойрсолт (англиар nap хэмээн нэрийддэг) нь олон талын давуу талтай байж болох талаар эрдэмтэн мэргэд дуугарч байна. Тухайлбал, энэ нь хүнийг зүрхний өвчлөлөөр нас барах шалтгааныг бууруулдаг болох нь тогтоогджээ. Грекийн эрдэмтэн Димитриос Трихополусын судалгаагаар үдийн дугхийлт нь эрүүл мэндийн хувьд тун чиг ашигтай гэнэ.
Тэрбээр "Сиеста бол дэвшлийн золиос билээ. Бидний ихэнх нь үд дундын дугхийлтийг дэмждэггүй. Гэвч судалгаа нь өдрийн нойрсолт зүрхийг хамгаалж өгдгийг хэлж байна" хэмээжээ.
Сиестаг хатуу чанд бармиталдаг зарим улс оронд зүрхний өвчлөлөөс үүдэн гардаг үхлийн түвшин хамгийн доогуур байгаа болохыг ажиглалтаар тогтоосон байдаг. Түүний судалгаанд хамрагдсан 23681 грек хүнээс зүрхний өвчлөл болоод саа зэрэг хурц өвчнөөр нас барсан тохиолдол гараагүй аж.
Судалгаагаар долоо хоногт дунджаар дор хаяж гурван удаа 30 минутаас багагүйгээр дугхийгчид нь ингэж нойрсдоггүй хүмүүсээс нас баралт нь 37 хувиар бага байна.
Флоридагийн кардиолог Жэральд Флэтчер "Өдөр тутам сиестаг баримтлагчид ядахдаа талд нь баримталдаг хүмүүсийн стресс бага байдаг нь эрүүл мэндэд туйлын ашигтай. Иймээс бид кардиологийн хөгжилд нойрны ач холбогдол асар их болохыг маш өндөр түвшинд ойлгож байна" хэмээн мэдэгдсэн байна. Мөн Флэтчер үд дундад дугхийн амарч чаддагүй хүмүүс ч өдөр өдөрт 10 минут ч болов гадаа наранд суух зэргээр нарны ашиг тусыг хүртэж болно гэж байна. "Ядахдаа нар шарж ахуйд цөөн хором ч болтугай гадуур алхлах буюу суух нь тун чиг тустай" хэмээн өгүүлж байна.
Та нар чанартай унтаж чадвал ажлын бүтээл тань нэмэгдэж, бие тань эрүүл байх болно. Өөрөөр хэлбэл биеэ сайн амраахын тулд гүн нойрсохыг "чанартай унталт" гэдэг аж. Тэгэхээр нэгд, өдрийн цагт аль болох нарны гэрэлд их өртөх. Хоёрдугаарт, идэвхтэй хөдөлгөөнтэй байх гэсэн энгийн шаардлагыг биелүүлж чадвал та богино хугацаанд сайн унтаж чадах нь ээ.
Харин хэзээ нойр хүрэх, хэзээ сэрэх нь хүний дотоод нойрны цагаар зохицуулагдаж байдаг бөгөөд тэр цагны зүү нь таны биеийн халуун байдаг аж. Нойр хүрч унтах үед таны биеийн халуун тань буурч, харин сэрүүн байгаа буюу идэвхтэй хөдөлж эхлэх үеэс халуун нэмэгддэг гэнэ. Биеийн халуун дээд оргил үедээ байх үед эрч хүчтэй, сэргэлэн цовоо байдаг бол харин унтаж байхад бие тань "хөрч" байдаг. Монголчуудын "унтах- үхэхийн дүү" гэж хэлэлцдэг нь ийм учиртай аж.
Та анзаараарай даа, яг өдрийн 2-3 цагийн үед үүгээр түүгээр холхиж явдаг "муусайн" ноход, жиргэлдэн шуугилдаж байдаг шувууд бүгд алга болчихсон байдгийг. Тэд ч бас "давсандаа явчихсан" нь энэ буй за.
Ийм учраас өдрийнхөө цайны цагаар бага зэрэг дугхийгээд авах бол байгаль эхээс заяасан дэглэм юм аа. Энэ хэмнэлийг "Cricadian rhythm" гэдэг юм байна. Түүнчлэн хүний биеийн дулааны хэмнэлд нөлөөлдөг хоёр ч хүчин зүйл байдаг бөгөөд энэ нь нарны гэрэл, нөгөө нь өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөн юм байна. Тун энгийн байгаа биз? Ердөө л энүүхэн төдий.
Тийм ч учраас байнга байшин саван дотор нар үзэхгүй суух нь биологийн цагаа төөрүүлж байгаа гэмт хэрэг гэж үзэхээс өөр яахав.
Суудлын ажил хөдөлмөр эрхлэгчдийн биеийн хэм хэлбэлзэхгүй учир дулааны хэмнэл нь шулуун шугам болчихдог. Унтаж чадахгүй байгаагийн гол шалтгаан бол энэ гэж үздэг болсон юм байна шүү.
МОНГОЛД СИЕСТАГ ХЭРЭГЖҮҮЛВЭЛ ЯМАР ВЭ? Монгол орны хувьд СИЕСТА-г шууд хэрэжүүлнэ гэдэг түвэгтэй. Гэхдээ улирлын байдлаар зуны дэлгэр цагт хэрэгжүүлж туршиж үзэж ч болмоор санагдаад байна. Юуны түрүүнд хувь хүмүүс, ялангуяа хувийн хэвшлийнхэн энэ зарчмыг баримталж үзээд өөрийн бие махбодь, сэтгэл зүйд гарч буй өөрчлөлтүүдийг анзаарах хэрэгтэй юм. Та бид ажлаа тараад харих замаараа дэлгүүр хоршоо орох гэхээр бүгд зэрэгцээд л хаалгаа барьчихсан байдгийг мэдэх хойно. Иймд "Нарантуул" зах зэрэг нийтийн захуудыг шөнийн зах болгох, бусад ижил төстэй үйлчилгээний ажиллах хуваарийг аль болох хойшлуулж болмоор.
Мөн зарим үйлчилгээг өглөө маш эрт эхлүүлээд өдөр нь 2 хүртэл цагаар завсарлуулах, энэ зуурт нь тэнд ажиллагсад нь дээрх СИЕСТА-г хэрэгжүүлвэл ямар вэ? Нэгэнт түр дуг хийчихсэн хүмүүс одоо шөнө хүртэл онцын зүдэргээгүй ажиллах боломж бүрдэнэ гэж хэлэх гээд байна л даа. За ямар ч байсан СИЕСТА нь хүний эрүүл мэндэд нэн ашигтай болох нь батлагдсан. Амьдралын ийм хэвшлийг баримталж байгаагүй Монгол зэрэг бусад улсад суурьшуулахад ихээхэн бэрхшээл тохиолдох нь тодорхой. Харин хувиараа үүнийг хэрэгжүүлдэг хүмүүс цөөн бус байх аа.
Монголчууд эртнээс "Бар цагт босвол өдрийн ажил бүтнэ, бага насандаа сурвал насны хэрэг бүтнэ" хэмээн хэлэлцсээр ирсэн угийн эртэч хөдөлмөрч ард түмэн гэдгийг дээр дурдсан. Тэгэхээр "бар цаг" гэж хэдэн цагийг хэлдэг бол хэмээн сонирхох нь гарцаагүй агаад бар цаг нь өглөөний 3.40- 5.40 хүртэлх цагийг хэлдэг ажээ.
Үүнийг анх сонссон хэн ч гэсэн гайхан цочирдох болов уу? "Пөөх тийм эрт, хар үүрээр босоод юугаа хийж суух хэрэг вэ? Ийм эрт сэрж босно гэдэг бүтэшгүй хэрэг" гэх зэргээр шууд л сөргөлдөх нь ойлгомжтой байх аа.
Гэтэл ийм цагт сэрж босон амьдрал ахуйгаа явуулсаар байгаа хүмүүс цөөнгүй байдаг бөгөөд тэд гол төлөв өдрийн цагаар дээр өгүүлсэн сиестаг хэрэгжүүлж орхидог бололтой юм. Европын орнуудад ажлын цаг өглөө эрт 6 цагт эхлээд өдөр эртээ тарцгаачихдаг билээ. Ингэснээр нийгмийн гишүүн бүрт өдрийн нартай гэрэлтэй цагаар бусад ажлаа амжуулах, албан ажлаасаа гадна хувийн бизнэс эрхлэх, шинээр ажил мэргэжил эзэмших гэх зэрэг өргөн боломжийг олгодог гэж ч үзэж болох.
Мэдээж хэрэг ийм эрт босдог хүн оройдоо эртхэн шиг амарсан нь дээр бөгөөд саяхан анзаарсан нэгэн явдлыг өгүүлэе. Манайд өглөө ажилдаа ер нь л хоцроод байдаг хүмүүс цөөнгүй. Тэгээд "Яагаад хоцров" гэсэн дарга даамлын асуултад ёс мэт "Автобус маань бөглөрөлд ороод оо балай юм" гэсээр л орж ирнэ. Нэгэн танил маань саяхан Австрали хэмээх газарт сургалтанд хоёр сар шахам хугацаагаар яваад ирлээ. Хачирхалтай нь нөгөө байнга шахам хоцрогч маань өглөө ирэх болгонд хэдийнэ ирчихсэн сууж байгаатай хэд хэд таарлаа. Тэгээд "чи чинь овоо эрт босдог болоо юу даа" хэмээн санамсаргүй хэлж орхивол "Өө тэр Австралид орой 5 цаг гээд л тас харанхуй болчихоор эртхэн унтахаас өөр хийх юм байхгүй юм билээ. Нэгэнт эрт унтаж амарсан хүн чинь яагаа ч үгүй сэрчих юм билээ. Тэгээд ч өглөө эрт босох чинь сайхан юм байна. Нойроо дийлдэггүй байсан чинь харин Австрали явсан биш овоо эртэч болоод байна шүү дээ" хэмээн өгүүлсэн юм.
"Өглөө эрт босдог хүнийг тэнгэр таалдаг, Өөртөө итгэлтэй хүнд Бурхан тусалдаг" гэдэг. Ер нь анзаараад байхад сая давсан хүнтэй их хотын маань хамгийн эртэч нь ямар хүмүүс байна вэ гэвэл шар, цагаан өнгийн томоохон шуудай үүрч лааз маазхан түүсэн нөгөө муу траншейнийхан, гудамж талбайг цэвэрлэн өнгө оруулах хэмээн зүтгэсэн цэвэрлэгч нар, за тэгээд Гандан хийд зэргийг эртлэн тойрч гороо хийн алхалсан шүтлэгтнүүд, бас Тасганы овоо зэрэгт эртлэн гарч сүү идээнийхээ дээжийг өргөн гороолсон хий нь гарчихсан нас насны эрхмүүд, "Туул" рестораны өмнөхөн орших Их хөлгөний уламжлалыг хадгалах төвд 6 цаг гээд ирж усан тахил өргөсөн шүтлэгтнүүд, эрүүл зөв амьдралаад замнахыг хичээж энд тэндгүй явган алхалж, эсвэл гүйж яваа сэргэг толгойтнууд, бас нэг сонирхолтой нь "үүргэвчтэй бадарчин" хэмээх нэрийг зүүсэн энд тэндээс хувийн журмаар ирсэн бололтой гадны жуулчин эрхмүүд л хамгийн түрүүнд нийслэлийн охь цэвэр агаараар амьсгалж, сэтгэл тэнүүн алхацгаах юм даа.
За харин хэнбугай нь "Үд хүртэл унтаж, үнээ мөөрөхөөр сэрээд" байна вэ гэвэл шөнийн чивэлт ажил амьдралтай биеэ үнэлэгч эмс, хулгайч дээрэмчид, буудалд тухлан мөрийтэй тоглоом дүнгэнүүлсэн тоглоомчид, ер нь хүний нүднээс далдуур ажил эрхлэгч нар. Тэгээд ч харанхуй орчинд аль хар бараан үйлс бүхэн ундарч, чухамхүү шөнө оройн цагаар л гэмт хэргүүд ихэвчлэн үйлдэгддэг болохоос биш гэрэлт наран мандсан өглөө эртийн цагаар тийм юм гардаггүй биз дээ? Хэрвээ та тэр бүх хар үйлээс аль болох холуур явая гэж санадаг бол эртлэн унтаж амраад маш эрт босч дадах хэрэгтэй байна.
За тэгээд эртлэн босох сайхан шүү дээ. Монгол хүн байна даа өөрийнхөө гараар сайхан сүүтэй цайгаа чанахынхаа зуур, сүүнийхээ дээжийг уул овоо, тэнгэр бурхандаа өргөчихнө, ажилдаа эртлэн ирж, цонхоо онгойлгон эрүүл агаар оруулан, интернэт энэ тэрүүгээр аялчихна...
Одоо санахад оюутан ахуйд хичээлдээ хэн хамгийн их хоцордог байсан бэ гэвэл хажууханд маань орших дотуур байрныхан маань. Гэтэл хаа хол хотын захад амьдардаг оюутнууд аль эрт ирчихсэн суудаг сан. Тэрхүү 1980-аад оны дундуур өнөөгийнх шиг замын бөглөрөл гэж байсангүй дээ. Харин өнөөдөр хэн хамгийн түрүүнд ажил ахуйдаа ирээд байна вэ гэвэл ер нь 50-иад наснаас дээших харчуул нь л аваргалаад байх шиг. Миний мэдэхийн Улаанбаатар депогийн инжэнер Х.Сүрэнжав гэдэг ажлаас өөр юм мэддэггүй зүтгэлтэй нөхөр бий. Тэрбээр өглөө 5-6 гээд л харанхуйгаар шахам ажил дээрээ ирсээр байгаад харуул манаач нараа бүр хашраачихсан гэдэг.
Хэзээ ч юм бэ өмнөд Солонгосын ерөнхийлөгч улс орныхоо дорой сул байгаатай газар дээр нь харж танилцаж явж гэнэ. Нөгөө алдартай 1950-53 оны хоёр Солонгосын дайнаас хойхно юм уу даа. Ундуй сундуй болж хэмхэрч сүйдсэн хот тосгод, өлсгөлөнд нэрвэгдэн тамир тэнхээгээ алдсан зон олон энэ бүхнийг харж зогсоод тэрбээр "Солонгос улс хөгжие гэвэл солонгос хүн бүр өглөө эрт 6 цагт босч уйгагүй ажиллаж хөдөлмөрлөх шаардлагатай" гэж хэлэхэд хэн нэгэн нь "Өглөө 6 цагт тахиа л сэрж донгоддог бус уу? Гадныхан "Энэ солонгосчууд тахиа шиг 6 цагт сэрж босдог" хэмээн дооглох вий дээ" гэхэд ерөнхийлөгч "Хэрвээ тахиа 6 цагт сэрж босдог юм бол харин бид 5 цагт босцгооё л доо" хэмээн уриалснаар солонгос түмэн эртлэн босдог болж уйгагүй хөдөлмөрлөснөөр цөөхөн жилийн дотор дэлхий дахинаа "Хан мөрний эрэг дээрх гайхамшиг" хэмээх агуу их сэргэн мандалтыг бүтээсэн түүхтэй хэмээн ярихыг дуулснаа дамжуулая.
Бас сонссоноо дамжуулахад хойд Солонгост дээрх сиестаг баримталж, өдрийн цагаар нийтээрээ унтаж амардаг тул албан газруудад нь хүнийх нь тоогоор ор дэр, пүүгээ нь бэлэн байдаг гэх юм билээ. Яг үнэн эсэхийг нь мэдэхгүй.
"Өглөө эртлэн босдог хүнийг тэнгэр таалдаг,
Өөртөө итгэлтэй хүнд Бурхан тусалдаг" гэдэг сэн дээ.

С.Энх-Амар 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш