МАХН-ын дарга Н.Энхбаяр Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хүргэгдээд байгаа билээ. Дөрвөн жилийн хорих ял авсан тэрбээр таамаг ёсоор намын гишүүд дэмжигчдээ хорих ангийн гадна жагсааж, орилолдуулсны хүчинд өөр эмнэлэгт шилжив.
Яг л дөрвөн сарын өмнөх шигээ сүр дуулиан болгосоор хар машинаар зөөлгөн, таяг тулсан шигээ бууж, тэргэнцэр дээр түрүүлсээр II эмнэлэг рүү орсон юм. Тэрбээр ядарсан царайтай байхыг хичээж байв.УИХ-ын сонгуулийн өмнө монголчууд ийм зүйл үзээгүй байсан болохоор цочирдож, Н.Энхбаярыг намтай нь өмөөрч, хууль хяналтынхныг буруушааж байлаа. Гэтэл Н.Энхбаяр гэдэг хүн ард түмний энэхүү гэнэн занг овжин ашиглаж, улстөрийн нүсэр шоу хийж чадсан. 11 хоног өлсгөлөн зарлаж, гадаад ертөнц рүү хүртэл захидал бичиж, улсынхаа төрийн тэргүүнийг зэмлүүлж дөнгөсөн экс Ерөнхийлөгч МАХН-МҮАН-ын эвслээ УИХ-д бүлэгтэй болгож, цаашлаад Засгийн газрын гурван сайдтай болгов. Үнэхээр гайхалтай.
Тэгвэл өвчин зовлонгоороо дахин шоудаж эхэлсэн Н.Энхбаярын дараагийн тактик юу юм бол. Мэдээж нэгдүгээрт, дөрвөн жилийн ялаас мултрах оролдлого. Гэхдээ энэ бол халхавч буюу энгийн зүйл бололтой. Учир мэдэх хүмүүсийн яриагаар наанаа зөвхөн ялаас мултрахын тулд тэмцэж байгаа мэт боловч цаанаа давхар нүүдэл хийхээр зэхэж байгаа гэх.
Нээрээ ч Н.Энхбаяр шиг хүмүүс хэзээ ч нэг уулын цаадахыг харсан гэнэн нүүдэл хийхгүй. Олон жил улстөрийн тогоонд чанагдаж, сайн, мууг ялгаж дадсан экс Ерөнхийлөгч нэг биш нэлээд хэдэн уулын цаадахыг харж, хэн рүү ямар чулуу шидэхээ хүртэл төлөвлөчихсөн суугаа гэнэ.
Магадгүй ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд эвслээсээ өрсөлдөхөөр дотроо нуг нуг инээж яваа ч юм бил үү хэн мэдлээ. Үүнийг байг гэх газаргүй. Хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдсэн ч эрх мэдэл нь аажмаар сэргэж байгаа Н.Энхбаяр шиг хүнд дөрөвхөн жилийн ялыг аргалахад боломжийн хугацаа.
Дээр нь Н.Энхбаярын үүсгэсэн эвсэл нь парламентад 11 суудал авч, гурав нь сайдын сэнтийд заларчихлаа. Тэгэхээр анхан шатны шүүхээс оноосон дөрвөн жилийн ялыг ганц хоёр жилээр нь хасуулсаар байгаад эцэстээ “хэлмэгдсэн”, “цагаадсан” эсвэл “өршөөгдсөн” гэсэн бичиг бариад босоод ирж чадах л хүн. Энэ бол Монголын улстөрчдийн араншин, Монголын улстөрчийн зан.
Харин Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам Н.Энхбаярын хүнээр түшүүлэн эмнэлгийн цонхоор гараа далладаг шоу улам л идэвхжих янзтай. Хэрэв түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдлөө гэхэд ард түмэн УИХ-ын сонгуулийн өмнөх шигээ хайрлах ёстой. Иймээс МАХН-ын дарга Н.Энхбаярын дараагийн нүүдэлдээ бэлтгэж, ард түмнээр өрөвдүүлэх ээлжит шоугаа эхэлж байгаа энэ бололтой.
Харамсалтай нь Н.Энхбаяр энэ янзаараа ард түмний хайрыг өмнөх шигээ татаж чадахгүй нь. Монголчууд бид улиг болсон нэг зүйлээс уйдаж залхахдаа амархан хүмүүс. Н.Энхбаяр гэхээр л дандаа шоронгоос захидал бичиж суудаг, шоронд хоригдох бүртээ ухаан алдаж унадаг. Үүнийг нь намын гишүүд нь гэх цалинтай хэдэн хүн үхлээ, хатлаа хэмээн сүржигнүүлж байнга жагсдаг болсон. Энэ тухайгаа өөрийнхөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр, шөнөгүй цацна. Долоо хоног тутамд эхнэр О.Цолмон, хүү Э.Батшугар болон өмгөөлөгч нар нь хэвлэлийн бага хурал зарлаж, “Н.Энхбаяр буруугүй” гэсэн нэг л зүйлийг давтдаг. Тийм учраас ард түмэн Н.Энхбаяр гэдэг нэрнээс залхчихжээ.
Ямартай ч үхье үхэж болдоггүй, сэхье сэхэж болдоггүй МАХН-ын дарга Н.Энхбаярын дараагийн нүүдэл нь “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх” гэсэн шум газар аваад байна.