logo

"APPLE"-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгов

2012/09/03
Токиогийн тойргийн шүүх Америкийн "Apple" компаниас Өмнөд Солонгосын "Samsung" компанийн эсрэг гаргасан "патентын эрхийг зөрчсөн" гэх гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

"Samsung" компанийг "Galaxy" смартфон, планшет компьютерын 8 загварыг бүтээхдээ "Apple" компанийн технологийг ашигласан хэрэгт буруутгасан байна.

Токиогийн шүүх "Аpple" компанийн гомдлыг үндэслэлгүй гэж үзжээ. "Samsung" -ийн технологи нь Америкийн компанийн боловсруулсан технологид хамаарахгүй" гэж шүүхийн шийдвэрт дурдсан байна.

Гэхдээ шүүхийн энэ шийдвэр нь тус хоёр компанийн Японы зах зээл дэх патентын дайныг эцэс болгохгүй юм. Шүүх хурлын үеэр зөвхөн компьютераас хөгжим болон бусад мэдээллийг смартфон, планшетэд шилжүүлэн хуулдаг технологийн асуудлыг хэлэлцсэн байна. Үүнээс гадна технологийн салбарт тэргүүлдэг дээрх 2 компанийн патентын асуудлуудыг хянан хэлэлцэх шүүх хурал дэлхийн 10 оронд болж байгаа юм.

Өнгөрсөн сард Калифорни муж улсын Сан-Хосе хотын тойргийн шүүх "Samsung" компанийг "Apple" компанийн зургаан патентыг хулгайлсан гэж үзээд Өмнөд Солонгосын компаниас 1,05 тэрбум долларын нөхөн төлбөр гаргуулах шийдвэр гаргажээ. Одоо "Samsung" компанийн смартфонуудыг АНУ-д худалдахыг хориглох эсэхийг хэлэлцэж байгаа ажээ.

Д.Жаргал

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш