УИХ-ын гишүүд Төрийн ордонд зодолдож, энэ нь олон нийтийн “хүртээл” болсон нь өнгөрсөн долоо хоногийн дуулиан байлаа.
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх чуулганы танхимаас Г.Баярсайхан гишүүний араас дагаж гарснаа, шанаадаж унагаж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Тэгвэл үнэндээ “Би чамд хайртай” кинонд гардагчлан “Баяраа өөрөө л уначихсан юм билээ” гэдэг болсон бололтой.
Намын бүлгийн асуудлаас болж АН, МАН-ын гишүүд нэлээд маргалдсан. Тухайлбал С.Эрдэнэ гишүүн, У.Хүрэлсүх гишүүнтэй маргаж, дундуур нь Г.Баярсайхан гишүүн үг хавчуулаад авсан.
Дараахан нь У.Хүрэлсүх, Г.Баярсайхантай “тусгайлан” уулзсан бөгөөд өөрсдөө тайлбарлахдаа “Чуулганы танхимаас гарч, эр хүмүүс шиг учраа ололцох гэсэн” хэмээдэг.
Мэдээж, энэ явдал тэгсхийгээд намжихгүй нь тодорхой боллоо. Зарим хүн эрчүүдийн зодоон гэхээсээ илүү улстөржүүлэн тайлбарлаж байгаа. Түүгээр ч зогсохгүй Г.Баярсайхан гишүүн У.Хүрэлсүх гишүүнд цохиулсандаа гомдолтой хэмээн хуулийн байгууллагад хандсан гэнэ.
Ингэж хандахдаа мань хүн чухам өөрөө эхэлснээ, бас чуулганы танхимд салаавч гаргасан тухайгаа мэдүүлсэн эсэх нь тун сонирхолтой.
Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх гишүүний өөдөөс анх Г.Баярсайхан гишүүн салаавч гаргажээ. Уг нь бол өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг үг бий. Хүний тэвчээрийг алдартал өдчихөөд, эцэст нь гоншигонож гүйх нь эр хүнийхээ хувьд хэр ёс зүйтэй болохоо илэрхийлж байгаа хэрэг бус уу.
Түмнийхээ төлөө зүтгэнэ хэмээн төрийн түшээ болсон хэрнээ Г.Баярсайхан гишүүн парламентын чуулганы танхимд салаавч гаргаад сууж байгаа нь тэгээд “ариун явдал” юм байх даа.
Олон нийтийн өмнө бус-дад зодуулчихсан өрөвдмөөр хүн болж харагдаж байгаа ч яг үнэндээ өөрийнхөө хүссэнд хүрсэн юм биш үү. Г.Баярсайхан гишүүн У.Хүрэлсүх гишүүнээр цохиулахыг хүссэндээ л чуулганы танхимд “сэмхэн” салаавч гаргасан хэрэг.
Түүнийг төрийн их сүлдэт чуулганы танхимд салаавч гаргаж буйг олон нийт мэдэхгүй гэж бодсон бололтой. Ард түмнийг чуулганы танхимд юу болж буйг мэдэхгүй сохор гэж тооцолсон нь илэрхий. Тиймээс л танхимын гадна гарч ирээд У.Хүрэлсүхийг заамдаж аваад, боох гэж байж хариу үйлдэлд нь унасан хэрэг.
Ядахад У.Хүрэлсүх гишүүн шиг чуулганы танхимаас гаргаж байгаад “ухамсрын шанаа” өгөх хэрэгтэй шүү дээ. Тэгсэн бол шударга харагдана. Тэрбээр “дотор” санаа агуулж, олон нийтийн өмнө өрөвдмөөр царай гаргасан нь эр хүнийхээ хувьд жудаггүй, УИХ-ын гишүүний хувьд ёс зүйгүй гэдгээ харууллаа.
Тэгээд ч У.Хүрэлсүх “Манай намыг шүүмжилж болно. Харин доромжилж болохгүй” гэсэн. Үнэхээр ч улстөрийн хүрээнд муулж, магтах нь энгийн үзэгдэл. Доромжлол болчихвол зохисгүй үйлдлийн эхлэл болдог. Тэр ч утгаараа 90 жилийн түүхтэй МАН-ыг доромжлох нь олон хүнд таатай санагдаагүй биз. Тиймээс л МАН-ын экс генсекийн тэвчээрийн хязгаар дээд цэгтээ тулж, салаавчны хариуд шанаа өгснийг олон нийт дэмжиж байгаа бололтой.