logo
Шадар сайд стандартчилал хэмжил зүйн газрынхантай уулзав

Шадар сайд стандартчилал хэмжил зүйн газрынхантай уулзав

2012/09/04
Монгол Улсын  шадар сайд Д.Тэрбишдагва  есдүгээр сарын 1-ний Бямба гарагт Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжилзүйн газрын үйл ажиллагаатай танилцан, ажилтан албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, Засгийн газрын үйл ажиллагаа, цаашид стандартчилал, хэмжилзүйн салбарын ажлыг сайжруулахад анхаарч ажиллах чиглэл, зарчмын асуудлаар санал солилцов.
    Тэрбээр Стандартын мэдээлэл лавлагааны төв, Сорьцын алба, Уртын , Цахилгааны, Массын хэмжлийн улсын эталон лабораториудаар орж, олон улсын болон үндэсний стандартыг олон нийтэд түгээх, мэдээлэх, хэмжлийн нэгж дамжуулах, нарийвчлалыг дээшлүүлэх, үнэт металлын сорьцын баталгаажуулалтын  үйл ажиллагаатай танилцсан юм.
     Шадар сайд Д.Тэрбишдагва стандартчилал, хэмжилзүйн ажилтнуудад хандаж, "Би та бүхэнд үүрэг даалгавар өгөхөөсөө илүү та бүгдийн саналыг сонсохыг зорилоо. Монголд стандартыг бүх нийтээрээ хэрэгжүүлэх юм бол өнөөдөр бидэнд хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа үүрэг хариуцлага, дэг журмыг бий болгоно. Тиймээс стандартаа хэрэгжүүлдэг болгохын тулд би өөрийнхөө ажиллах цагаас  тодорхой цаг гаргаж, та бүгдэд хатуу  шаардлага тавьж шахаж ажиллана. Бас төсөв,  хөрөнгө оруулалт, ажлын орчин, олон улсын  байгууллагатай хамтрах асуудал дээр ч дэмжих болно" гэв.
    Мөн тэрбээр Азийн Монголд Евронормыг хэрэгжүүлэх эхний алхам хийгдэж байгааг сайшаагаад, цаашид энэ ажлыг эрчимжүүлэх, тодорхой төсөл, хөтөлбөрийг боловсруулж, хийх ажлаа хариуцах эзэн, тодорхой цаг хугацаатай төлөвлөж хэрэгжүүлэх нь чухал байгааг онцолж байлаа.
                                                                                                               
Г.Уран

 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш