logo
 “Бурамэ-аас суралцъя” аяны өдөрлөг боллоо

“Бурамэ-аас суралцъя” аяны өдөрлөг боллоо

2012/09/04
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Бурамэ-аас суралцъя” аяны өдөрлөгийн нээлтэд оролцлоо. БНСУ-ын Сөүлийн Их сургуулийн дэргэдэх Сөүлийн тэргүүний “Бурамэ” эмнэлгийн технологийг Монголд оруулахаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг ажиллаж байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Бямбадорж хүндэт зочдод хандан эмнэлгийн шинэ технологийг хуулбарлах ажлыг дэмжиж байгаад талархан, цаашид ч сэтгэл зүтгэлтэйгээр, хамт олноороо хичээн ажиллахаа хэллээ.
Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвал манай улсаас гадаадад эмчлүүлэх шаардлага их гардаг, ялангуяа БНСУ руу олон иргэн явж эмчлүүлдэг нь тус улсын эмчилгээний чанар, үзүүлэлт сайныг илтгэж байдаг гэж онцлоод, энэхүү үйлчилгээг Монголд нэвтрүүлж буйд талархалтай байна гэв.
БНСУ-ын эмнэлгүүдийн эмчилгээний чанар өндөр, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байдгийг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ли Тэ Ру дурдаад, манай улсын эмнэлгийг түргэн шуурхай үйлчлэхэд туслах болно гэдгээ илэрхийллээ.
“Бурамэ” эмнэлэгт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 30 эмч сарын хугацаатай, 13 удирдах ажилтан богино хугацаагаар ажиллаад иржээ. Ингэснээр шинэ технологийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар өөрийн эмнэлэгтээ хуулах бололцоо бий болсон байна. Түүнчлэн тухайн эмнэлгийн тасаг, нэгж болгонд ямар технологи байна, тэр бүхний жагсаалт гаргаад, түүнийхээ 40 хувийг хуулъя, шинэчилье гэсэн зорилт тавин ажиллаж байгааг тус эмнэлгийн ерөнхий захирал Б.Бямбадорж ярив.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш