logo
Засгийн газар лиценз олгох ч эцсийн зөвшөөрлийг ард түмэн өгдөг болно

Засгийн газар лиценз олгох ч эцсийн зөвшөөрлийг ард түмэн өгдөг болно

2012/09/04
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Австрали улсын Парламентын төлөөлөгчдийг өчигдөр үдээс хойш хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Австралийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, төлөөлөгчдийн тэргүүн ноён Тони Виндсор, Австралийн Парламент дахь Авсрали-Монголын парламентын бүлгийн дарга хатагтай Кирстен Ливермор, Парламентын гишүүн ноён Бари Хаасе, Майкл Маккормак нар болон албаны бусад хүмүүс багтсан байлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хэлэхдээ, Австрали улс бидэнтэй ойр гуравдагч түнш улс юм. Бид танай улсын байгаль орчин, уул уурхай, экологийн технологи, стандарт, туршлагаас суралцах хүсэлтэй байдаг. Миний хувьд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа, өөрөө ч энэ байгаль орчин, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх тал дээр багагүй анхаарч ажилладаг. Өмнө нь манай улсад уул уурхай замбараагүй, хяналтгүй байсан. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдснаар лицензийг хяналттай болгож, олборлолтыг үнэлэхээс илүүтэйгээр нөхөн сэргээлт, хамгаалалтыг хэрхэн хангасныг анхаарах болно. Та бүхэн туршлагаасаа харамгүй хуваалцана гэдэгт найдаж байна хэмээлээ.
Австралийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, төлөөлөгчдийн тэргүүн ноён Тони Виндсор, Бидний хувьд бүгд орон нутгаас буюу бүс нутгийн бүлгэмүүдээс сонгогдсон гишүүд байгаа юм. Тэр ч утгаараа сонгогдсон бүс нутаг бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, хатагтай Кирстен Ливерморын сонгогдсон мужид нүүрсний уурхайг түлхүү хөгжүүлэх хандлагатай байдаг бол ноён Бари Хаасе байгалийн баялаг ихтэй Өмнөд Австралийн төлөөлөл байх жишээтэй. Харин ноён Майкл Маккормакын гарсан бүс нутагт хөдөө аж ахуй тэр дундаа хиймэл усжуулалтыг ихээхэн хөгжүүлсэн байдаг. Манай хоёр орон газар зүйн байрлалаас шалтгаалан тулгарах бэрхшээлүүд ялгаатай хэдий ч усны нөөцийг хамгаалах бодлогын хувьд төстэй юм. Ойрын хугацаанд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үүднээс нөхөн сэргээгдэх уул уурхайн тодорхой алхамуудыг хийж эхлэхээр бэлтгэлээ базааж байна. Газар доорх усны талаар шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, дүгнэлтүүдийг гаргахаар ажиллаж байгаа. Тантай өөрийн орны нэг туршлагаасаа хуваалцахад манай улсад уул уурхайн лиценз авахдаа мужийн засаг захиргаанд ихээхэн хэмжээний барьцаа бондыг гаргаж өгдөг. Олборлох, ашиглах үйл ажиллагааны лицензийн хугацаа дуусахад шалгалт хийгээд нөхөн сэргээлт, хамгаалалт, бохирдлын хэмжээ зэрэг хэд хэдэн шалгуураар дүгнэлт гаргадаг. Шаардлага хангасан гэж үзвэл барьцаа бондыг буцаан олгодог юм гэв.
2009 оноос байгаль орчныг хамгаалах урт нэртэй хууль \Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох\ хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хүрээнд 2000 гаруй лицензийг цуцлахаар байгаа бөгөөд одоогоор 160 орчим лицензийг цуцлажээ. Монгол улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, Австралийн хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд нэмэгдэж байгаа. Засгийн газар эзэмших эрхийг олгодог байлаа ч эцсийн зөвшөөрлийг ард түмэн гаргадаг зарчимтай болохоор ажиллаж байгаагаа Г.Баярсайхан дарга илэрхийлж, төлөөлөгчдөд ажлын амжилт хүслээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш