logo
Үйлтэй толгой

Үйлтэй толгой

2012/09/05
Довжуу толгойгоо тогшин, бодол болон нааш цааш алхана. Тогших бүр толгой нь хоосон торх нүдэх мэт хон хон дуугарна. Өгүүлэх нь:

-Энэ толгой юу? Хамаг гай энэ өгөр толгойд л байна. Ганц биеэ хийморьтой аваад явчихаж чадахгүй новш! /Толгойгоо зангидсан гараар нүднэ/ Дандаа үл бүтэх юм санана. Бүр дэндүү. Жишээ нь дарга сайд нарыг хоосон амлалаа, цаас эрээчлээ, өмч идлээ, хахууль авлаа гэх мэтийн дэмий балай бодол хамгийн түрүүнд ороод ирэхийг яана. Тэнэг нь тэр байхгүй юу даа. Ухаалаг толгойнууд болохоор яадаг вэ? гэхээр тэр дарга сайдтай чинь улам наалдаад л, тэдний хэлсэн бүхнийг таных зөв дарга аа Тань шиг байг гэхэд Таны хагасын дайтай ухаантай төрөх минь яав даа. Та мөн ч лут хөдөлмөрлөж, мөн ч их шаналж зүдэрч байна даа. Биеэ гамнаач дээ дарга аа Таны эхнэр ухаантай сайхан хүүхэн. Харахаас бүүр нэг хайр хүрмээр…яая гэхэв дээ. Танай эхнэрийг харангуут миний бие сэтгэл хөөрөөд хөнгөрөөд явчихдаг шүү. Хачин юм шүү… Танай хүүхдүүд яасан том тархи ухаантай, яасан их сурлага хүмүүжилтэй, хичнээн хөөрхөн хүүхдүүд вэ! Би амьдралдаа ерөөс тийм хөөрхөн хүүхэд үзээгүй ээ Эг! Миний хэдэн хүүхэд ёстой нохойн жогорхой, түрийний тоос… ийм маягаар л дарга сайдаа дээдлэн хүндэтгэж байгаа юм даа. Харахад бүр атаархмаар. Миний энэ бөндгөрт ийм ухаан даанч орохгүй шүү. Юм л бол шүүмжилмээр санагдаад аазгай хөдлөөд явчихна. Тэнэг толгой гэдэг чинь энэ шүү дээ. /Толгойгоо тогшино/ Бүх гай энэ өгөр толгойноос л болж байгаа юм. Та нар бод л доо. Эхнэрийнхээ өвөрт ч хэвтэж байхдаа хажуу айлын Найгалмаа хүүхнийг шувтан бодож, намайг санаа алдуулахад л. Тэгсээр байгаад нойргүй хонуулчихаж байгаа юм даа. тэгээд өглөө нь эхнэрээ дуудах гэх дээ Найгалмаа гэж надаар хэлүүлж, надад есөн эрүү тулгуулж байгаа юм шүү дээ. Энэ муу новшийн толгой … Толгойгоо нүдэн уйлагнана.

-Энэ муу бөндгөр намайг мөн ч олон түлсэн дээ. Яая гэхэв дээ. Тэр жил мэдлэг сорих шалгалтанд намайг амьдаар минь хуйхалж амьтны шившиг болгосон толгой доо… Мартахын арга байхгүй… Юу гэсэн гэхээр байнаа… Үхэр дөрвөн том соёотой байдаг. Эмэгтэй хүн хүүхдээ 24 сар тээдэг, ямаа цомбон туурайтай… Үүрийн туяа романыг Михиал Горбачев бичсэн. АНУ Антарктид тивд байдаг. Сталиныг чантуу хүн гэж надаар хэлүүлчихэж чадаж байгаа юм даа. Даанч гомдмоор. Туй. Ийм толгойгоор юу хийхэв дээ. Бодож гуниглана.

-За одоо зах зээлд ороод бодогдох юм юу ч байхгүй. Зүгээр л нэг бөөрөнхий хар чулуу… Долоон нүхтэй дондог… Тэгсэн мөртлөө ам нь дандаа ангалзана шүү…

-Та минь ийм хогийн толгойг яавал дээр вэ? Яана даа яана чамайг. Гайгүй шиг үнээр авах хүн олддог болоосой… Даанч олдохгүй л дээ. Бүр олдохгүй. Енгэнэтэл уйлсаар явж одлоо
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш