logo
Улсын онцгой комисс хөрөнгө гаргах асуудлаар хуралдлаа

Улсын онцгой комисс хөрөнгө гаргах асуудлаар хуралдлаа

2012/09/05
Шинэ бүрэлдэхүүнээрээ хуралдсан Улсын онцгой комиссын  өчигдрийн хуралдааныг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссийн дарга Д.Тэрбишдагва даргалан явууллаа.
Хуралдаанаар энэ оны долдугаар сар хүртлэх хугацаанд гарсан гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн засварлахад шаардагдах хөрөнгийн асуудлыг авч хэлэлцлээ.
Энэ хугацаанд гарсан гамшгийн улмаас Архангай, Баян-Өлгий, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл аймагт учирсан хохирлыг арилгах, сэргээн засварлахад шаардагдах нийт 7,1 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлаар асуудал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо.
Эдгээр аймгийн өндөр хүчдэлийн болон цахилгааны тулгуур багана унасныг засах, улсын чанартай автозам, үерийн далан, гүүр эвдэрснийг засварлахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Зам тээврийн сайд А.Гансүх нарт Улсын онцгой комиссийн дарга даалгалаа.  
Мөн өнгөрсөн зун хур бороо ихтэй, арвин их ургац хураах нөхцөл бүрдсэн хэдий ч тарианы болцоос хураалт удаашрах, энэ сард цаг агаар эрс ширүүсэх төлөвтэй байгаа тул ард иргэд, тариаланчид, байгууллага аж ахуйн нэгжүүдэд учирч болзошгүй эрсдэл хохирлыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг яам, агентлаг, аймаг, нийслэлийн удирдлагуудад Шадар сайд Д.Тэрбишдагва үүрэг болголоо.
Энэ хуралдааны үеэр комиссийн гишүүдээс төрийн өмчийг даатгалд хамруулах, гамшгийн үнэлгээ хийх мэргэжлийн ажлын хэсэг байгуулах, Онцгой байдлын Ерөнхий газар гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд онцгой анхаарах нь зүйтэй зэрэг санал гарч байлаа.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш