Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн тэргүүн Н.Энхбаярын биеийн байдалтай холбогдуулан түүнийг эмчилж буй эмч нар өчигдөр 14.00 цагаас зөвлөлдсөн билээ. Зөвлөгөөний дараа Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн эмч, доктор Г.Баясгалан: “МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал дунд зэрэг байгаа. Өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдөр таталт өгч ирснээс хойш бид шинжилгээ хийж байгаа. Гэвч оношийг нь хараахан тодруулаагүй байна. Гадаадад явуулж эмчлэх зайлшгүй шаардлага үүсч магадгүй ” хэмээсэн юм.
Харин түүний гэргий, Монгол улсын тэргүүн хатагтай асан О.Цолмон : "Миний нөхрийг минь анх баривчлахдаа муужруулаад авч явсан шүү дээ. Тэгэхдээ л ямар нэг сүүлийн үе хор хэрэглэсэн бололтой. Учир нь манай хамгийн сайн гэгдэх эмч нар одоог хүртэл оношийг нь тогтоож чадахгүй байна. Эмч нарын хэлж буйгаар биеийнх нь эд, эсийн хэмжээнд өөрчлөлт явагдаж байна гэсэн. Манай улсад ийм өөрчлөлтийг оношлох багаж байдаггүй юм байна. Өөх, тос, уураг хэрэглэж аргацаасан эмчилгээг нь зогсоовол ямар ч байдалд хүрч болзошгүй байгаа тул гэр бүлийнх нь бид маш их санаа зовж байна" хэмээн өгүүлжээ.
Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудлаар тун удахгүй мэргэжлийн байгууллагын албан ёсны дүгнэлт гарах бөгөөд үүнээс улбаалан түүнийг гадаадад эмчлүүлэх эсэх асуудлыг шийдэх юм.
Э.Мягмардорж