УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойшхи хуралдаан /өчигдрийн/ Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхэд гишүүд санал хэлснээр эхэллээ.
Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа болон дэмжихгүй байгаа гишүүдийн тоог гурав гурваар тэнцүүлэн саналыг нь хэлүүлсэн юм. Хуулийн төслийг дэмжихгүй байгаа гишүүд тухайн шатны Засаг дарга Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн байгууллагын удирдлагыг томилдог хуучин заалт хэвээр байгаад харин хяналтын механизмыг сайжруулах нь зүйтэй гэсэн саналтай байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Төсөл санаачлагчид улстөржиж байна. Өөрөөр хэлбэл, Нийгмийн халамжийн тухай хуулийн гол заалт болох халамжийг яг хүртээх ёстой хүмүүст нь өгдөг байх гэсэн зарчмаас хазайсан төсөл санаачилжээ. Халамжийн тогтолцоог босоо удирдлагатай байлгаснаар дээрх зарчим алдагдана. Тиймээс тухайн шатны Засаг дарга Халамжийн байгууллагын даргыг томилсноор хариуцлага тооцох, хяналтын механизм хэрэгждэггүй гэж үзэж байгаа бол мэргэжлийн байгууллага нь хөндлөнгөөс хянах хяналтаа сайжруулах нь зүйтэй. Босоо удирдлагатай байна гэдэг төрийн ёс зүй алдагдана” гэсэн санал гаргаж байв.
Хуулийн төслийг дэмжье гэсэн гишүүдийн дийлэнх зарчмийн зөрүүтэй санал гаргаж байсан. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Дэмбэрэл нар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зөв. Гэхдээ Нийгмийн даатгалын байгууллагын удирдлагыг томилохдоо тухайн шатны Засаг дарга ч биш, босоо удирдлагаар ч биш, харин Нийгмийн даатгалын дэргэдэх гурван талт Үндэсний зөвлөлөөс томилдог байхаар энэ хуулийн төслийг сайжруулаач. Салбар хариуцсан сайд С.Эрдэнэ ч энэ саналыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг дээр дэмжиж байсан” гэв. УИХ-ын дарга З.Энхболд дээрх саналыг тусдаа хууль санаачлан оруулж ирснээр хэлэлцэх боломжтой, түүнээс УИХ-ын Дэгийн тухай хуулиар хуулийн төслийг сайжруулах санал гаргаж болохгүй гэдгийг гишүүдэд сануулсан.
Тухайн шатны Засаг дарга даатгал, халамжийн байгууллагын удирдлагыг томилсноор халамж эзэндээ очихгүй байх улмаар даргын томилгоо улстөржсөн, эсвэл ах дүү, хамаатан саднаа даргаар тавьдаг тохиолдол бий гэдгийг хуулийн төслийг дэмжигчид мөн ярьж байсан. Тухайлбал, Дархан-Уул аймагт халамжийн маш их хэмжээний мөнгийг “Чингис хаан” банкинд байршуулж мөнгө угаасан тохиолдол бий хэмээн С.Ганбаатар гишүүн ярьж даатгал төлөгчдийн эрх мэдлийг даргын томилгоонд оруулах ёстой гэсэн саналтай байлаа. Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараа хуралдаанд суусан нийт 46 гишүүдээс 27 нь буюу 58,7 хувь нь Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж холбогдох байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
УИХ-ын ээлжит бус чуулганы энэ өдрийн хуралдаанаар хамгийн гол, хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн хуулийн төсөл нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төсөл байв. Энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж улмаар эцэслэн баталснаар энэ удаагийн ээлжит бус чуулган анхны хуулиа баталсан үйл явдал боллоо.
1990-1995 онд 200 гаруй, 1995-2000 онд 700 гаруй иргэн нийгмийн даатгалаа төлөх боломжгүй байснаас тэтгэвэр тогтоолгох, ажилласан жилээ нөхөн тооцуулахад эрх зүйн хувьд учир дутагдалтай байсан аж. Тиймээс энэхүү хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо оруулж ирэхдээ анхны хэлэлцүүлэгээр эцэслэн батлуулах санал дүгнэлт гаргасан байсныг хуралдаанд оролцогч гишүүдийн дийлэнх буюу 64,7 хувийн саналаар дэмжсэн юм. Дээрх хууль хэрэгжиж эхэлснээр хуульд тусгагдсан жилүүдэд ажилтай, ажилгүй байсан иргэд, малчид хамрагдахаар болж байна.
Ээлжит бус чуулганы үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцсэн өөр нэг асуудал нь Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд байв. Хуулиудын төслийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулаг хийхдээ нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, төсвийн урсгал зарлагын эхний 7 сарын гүйцэтгэлийн талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, “Төрийн өмчит дөрвөн компанийг хувьчилж улсын төсөвт 97,2 тэрбум төгрөг орно гэж тооцолж байсан нь биелэлгүй төсөв мөн тоогоор тасалдахад хүрсэн, Хүний хөгжлийн сан 300 гаруй тэрбумын алдагдалтай байна” гэлээ. Ер нь төсөвт тодотгол хийж зарим ажлыг хойшлуулах, дараа жилийн төсөвт суулгуулах олон шалтгаан байгааг Ерөнхий сайд тайлбарласан. Төсвийн тодотголыг боловсруулахдаа орлогоо нэмэгдүүлэх арга замыг хайсан, хэмнэж болох зардлыг бууруулах, гадаад томилолт, арга хэмжээний зардлыг багасгах, авто замын ажлыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, ирэх он руу шилжүүлэх өөрчлөлтүүдийг хийсэн байна.
Дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, хариултаар чуулганы хуралдааныг үргэлжлүүлсний эцэст үдшийн 20 цагийн үед анхны хэлэлцүүлэгээ өндөрлүүлж холбогдох байнгын хорооны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо.
Б.Алтантуул
www.open.parliament.mn