logo
Египетэд эмэгтэй нэвтрүүлэгчид толгойдоо алчууртай эфирт суух боломжтой боллоо

Египетэд эмэгтэй нэвтрүүлэгчид толгойдоо алчууртай эфирт суух боломжтой боллоо

2012/09/05
Өнгөрөгч ням гаригт Египетийн нэвтрүүлэгч Фатима Набил телевизээр мэдээ хөтлөх үеэрээ "хижаб" буюу лалын шашинтнуудын толгойн алчуурыг зүүжээ. Энэ нь 1960 онд байгуулагдсан тус телевизийн хувьд анхны тохиолдол болсон байна. Учир нь Исламистууд давамгайлсан засгийн газар эмэгтэй нэвтрүүлэгчдийг үс болон хүзүүгээ халхалсан алчуур зүүхийг хориглосон хоригийг цуцлах шийдвэр гаргаад байгаа юм. Египетэд олон арван жилийн турш хүчинтэй байсан энэ хоригийг хүний хувийн эрх чөлөөнд халдсан зүйл хэмээн либерал үзэлтнүүд болон хүний эрхийг хамгаалагчид хүртэл шүүмжилдэг байжээ.
Египетэд насанд хүрсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь толгойдоо алчуур зүүдэг байна. Набил Лалын ахан дүүс хөдөлгөөний "Миср 25" телевизэд нэг жил ажиллажээ. Үүнээс өмнө төрийн мэдлийн телевизэд ажилладаг байхад нь түүнийг толгойдоо алчуур зүүдэг учраас эфирт суухыг нь хориглосон байна.
Хоригийг цуцалсан нь шударга шийдвэр болсон гэж үзэж байгаагаа Набил хэлжээ. Тэрээр "Эфирт суухдаа толгойн алчуураа зүүх нь хориотой байсан. Харин одоо энэ хоригийг цуцалснаар эрхээ буцаан олж авлаа. Алчуураа зүүгээд төрийн мэдлийн телевизийн эфирт суух боломжтой болсноороо маш их бахархаж байна" хэмээн ярьсан байна. Египетийн бусад иргэд ч засгийн газрын шийдвэрийг дэмжиж байна.
Мохаммед Морси ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш төрийн мэдлийн телевиз, хэвлэлүүдэд томоохон өөрчлөлтүүдийг хийж байгаа юм. Жишээ нь одоогоос хэдэн долоо хоногийн өмнө Исламистууд давамгайлдаг парламентын дээд танхим буюу Шурагийн Зөвлөл төрийн мэдлийн мэдээллийн байгууллагуудын удирдлагуудыг сольжээ. Гэхдээ тэдний оронд шинээр томилогдсон 50 хүний ихэнх нь Исламистууд, эсвэл тэднийг дэмжигчид байсан байна. Тиймээс Египетийн сэтгүүлчдийн холбоо Морсигийн Лалын Ахан Дүүс хөдөлгөөнийхнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг өөрсдийн талд ажиллуулах гэж байна хэмээн буруутгажээ.
Ерөнхийлөгч Морси исламистуудын эрх ашгийг илүүтэй бодолцох вий хэмээн болгоомжлох хүн Египетэд цөөнгүй байна. Египетийн төрийн мэдлийн телевиз нь бараг 40000 ажилтан, албан хаагчидтай бөгөөд эрх баригчидтай удаан хугацаанд ойрын холбоотой ажилласаар ирсэн, авилгад идэгдсэн байгууллага гэнэ. Төрийн мэдлийн телевиз мэргэжлийн стандартуудыг муу мөрддөг, хөтөлбөр нь сонирхолгүй зэргээс шалтгаалан үзэгч цөөтэй байдаг байна. Харин Египетийн хувийн телевизүүдэд толгойдоо алчуур зүүсэн хөтлөгч, алдартай жүжигчид ажилласаар иржээ.
Э.АМАР

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш