logo
Хуучин цахилгаан шатыг шинэчлэнэ

Хуучин цахилгаан шатыг шинэчлэнэ

2011/07/07
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хугацаа дууссан, ашиглах боломжгүй цахилгаан шатыг мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн шинэчлэх, шаардагдах хөрөнгийг тухайн жилийн орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Одоогоор манай улсад 1990 оноос өмнө баригдсан орон сууцнуудад тухайн үед ЗХУ-д үйлдвэрлэсэн 800 гаруй цахилгаан шат байгаагийн ихэнх нь 25, түүнээс дээш жил ашиглагдсан. Элэгдэж хуучирсан цахилгаан шат оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж чадахаа больсон нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,  БНСУ, ОХУ-ын холбогдох байгууллагын хамтран гаргасан дүгнэлтээс тодорхой байна.
“Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болно” гэж холбогдох хуулинд заасан байдаг.
Энэ заалтын дагуу цахилгаан шатыг шинэчлэхээр Засгийн газар хоёр ч удаа тогтоол гаргаж 2010 оны эцэс гэхэд 239 цахилгаан шатыг шинэчилж дуусгахаар төлөвлөсөн байсан юм.
2010 оны жилийн эцсийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 131 шатыг шинэчлэхээс 109, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 96-г шинэчлэхээс 30-ийг шинэчилсэн байна. Дээрх тогтоолын дагуу Сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгөөр 12 ширхэг цахилгаан шатыг шинэчлэх байсан ч хөрөнгийн бололцоогүй  учир чадаагүй байна. Тэгээд ч Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл оршин суугчдаас хөрөнгө төвлөрүүлж цахилгаан шат шинэчлэх боломж муу байгаа юм. Иймээс Засгийн газрын 2 тогтоолын дагуу оршин суугчдаас төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг Сууц өмчлөгчдийн холбоонд буцааж олгохыг Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлд Засгийн газрын хуралдаанаас зөвлөлөө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш