logo
БНИУ-ын Ерөнхийлөгч манай улсад хүрэлцэн ирлээ

БНИУ-ын Ерөнхийлөгч манай улсад хүрэлцэн ирлээ

2012/09/06
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Др.Сусило Бамбанг Юдоёоно манай улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр 17.30 цагт Чингис хааны нэрэмжит олон улсын нисэх буудалд газардлаа.

БНИУ-ын Ерөнхийлөгч Сукарно 1956 оны есдүгээр сард Монгол Улсад айлчилж, улмаар хоёр орон 1959 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Түүнээс хойш хоёр орны төрийн тэргүүн нарын хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1997 онд БНИУ-д, БНИУ-ын Ерөнхийлөгч Мегавати Сукарнопутри 2003 онд Монгол Улсад тус тус айлчилсан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНИУ-ын Ерөнхийлөгч Др.Сусило Бамбанг Юдоёоног гэргийнх нь хамт маргааш угтан авч, дараа нь эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Индонезийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт идэвхжүүлэх асуудлыг хэлэлцэж, хөдөө аж ахуй, соёл зэрэг зарим салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурна. Мөн хоёр тал бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах, харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлэх юм.

Түүнчлэн Ерөнхийлөгч Др.Сусило Бамбанг Юдоёонод УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар бараалхана.

Ерөнхийлөгч Др.Сусило Бамбанг Юдоёоно айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зочилж үг хэлж, Монгол, Индонезийн бизнес уулзалтын нээлтэд оролцох юм.

Н.Гантуяа 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш