logo
“Барак зөв гэж бодсоноо хийдэг хүн”

“Барак зөв гэж бодсоноо хийдэг хүн”

2012/09/06
Умард Каролина мужийн Шарлотт хотод явагдаж буй АНУ-ын Ардчилсан намын гурав хоногийн чуулганы үеэр тэргүүн хатагтай Мишель Обама үг хэлж, сонгогчдод хандан ерөнхийлөгчийн төлөө хоёр дахь удаагаа дахин саналаа өгөхийг уриалсан байна.

Тэрбээр сэтгэл хөдөлгөм илтгэл тавьж, сонгогч олны итгэж найдаж болох хүн бол одоогийн ерөнхийлөгч гээд түүнийг дэмжихийг хүсчээ.

Харин Бүгд Найрамдах намын чуулган Флорида мужийн Тампа хотод өнгөрөгч долоо хоногт явагдсан билээ. Сонгуульд хамгийн их анхаарал татаад буй хоёр нэр дэвшигч хоёул нэр хүнд багатай байгаа мужуудад намын чуулганаа зохион байгуулж байгаа аж.

Олон улсын ажиглагчид Ардчилсан намын чуулган Умард Каролинад зохион байгуулагдаж байгаа нь 2008 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Обама тус мужид ердөө л 0,3 хувийн санал авч байсантай холбон тайлбарлаж байна.

Олон нийтийн дунд явуулсан санал асуулгын үр дүнд Обама урьдын адил гол өрсөлдөгч Митт Ромнигоос илүү саналтай явж байгаа ажээ.

Чуулганы үеэр Мишель Обама илтгэл тавихдаа хайрын түүхээсээ хуваалцаж, түүний болон Барак Обамагийн эцэг эх хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө хэчнээн зүйлс гаргуунд нь гаргаж байсан тухай дурсан ярьсан байна.

Тэрбээр Обамаг хүнд хүчир бүхнээс шантардаггүй, зөв гэж бодсоноо хийдэг хүн гэж тодорхойлжээ.

Мишель Обама “Барак америк мөрөөдлийг мэддэг. Учир нь тэр өөрийн биеэр үүнийг туулж өнгөрүүлсэн хүн... Тиймээс бид хэн бэ, хаанаас ирсэн, хэнийг хайрладаг, ямар хүмүүс вэ гэдгээс үл хамааран хүн болгонд энэ улсад боломж нээлттэй байгаасай гэж хүсдэг” гэлээ.

Ардчилсан намынхны дэмжигчид дунд арьс өнгө болон яс үндсээрээ ялгаатай маш олон хүн байгаа бөгөөд ялангуяа хар арьстан болон латин америк гаралтай иргэд тус чуулганд томоохон байр суурь эзэлж байгаа аж.

Өнөөдөр тус намынхан Обамаг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр харин Жо Байденийг дэд ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшигчээр албан ёсоор зарлах ажээ.

Харин чуулганы сүүлийн өдөр буюу пүрэв гаригт Обама, Байден нар илтгэл тавих юм. Ардчилсан намынхан тус арга хэмжээг зохион байгуулахын тулд Шарлоттад 74 мянган суудалтай цэнгэлдэх хүрээлэн түрээсэлж авчээ. Гэвч пүрэв гаригт тус хотод аадар бороо орох төлөвтэй байгаа нь зохион байгуулагчдын санааг зовоож байгаа юм байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш