logo
Америкчууд эрс өөр арга замуудаас сонголтоо хийнэ

Америкчууд эрс өөр арга замуудаас сонголтоо хийнэ

2012/09/06
АНУ-ын Ардчилсан нам өөрийн шинэ улс төрийн хөтөлбөрөө боловсруулсныг намын үндэсний их хурлаар хэлэлцэн батлах ёстой аж.
Ардчилагчид баян ард иргэдээсээ хураах татварын хэмжээг нэмэгдүүлэх, хууль бус цагаачлалын асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрчлөлт хийх, эрүүл мэндийн шинэчлэлийг дэмжихийн төлөө зогсох юм байна.
Түүнчлэн абортын эсрэг тэмцэхээс татгалзахыг уриалж байгаа. "Аборт бол зөвхөн тухайн хүний хувийн хэрэг бөгөөд энэ шийдвэрийг бүсгүй хүн, түүний гэр бүл, эмч нь мөн лам багш нь л гаргах учиртай. Энэ нь улстөрчид хийгээд засгийн газарт ямар ч хамаагүй" хэмээн тэд мэдэгдэж байна. Мөн ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжих, ийм тохиолдолд шашны зан үйлээ хэрхэн гүйцэтгэхээ төр засгийн оролцоогүйгээр сүм хийд өөрөө толгой мэдэж шийдэхийг дэмжиж байна.
Гадаад бодлогын хувьд Оростой байгуулсан хэлэлцээрийн үндсэн дээр цөмийн зэвсэглэлээ хорогдуулах, Израилийг дэмжихийн сацуу Иран цөмийн зэвсэгтэй болох явдлыг таслан зогсооход чиглэгджээ.
"Эдийн засаг, аж үйлдвэрийн салбарт олсон амжилт хийгээд терроризмтой хийсэн амжилттай тэмцэл нь Обамагийн ажил өндөрлөх болоогүйг нотолж байгаа тул өнөөгийн ерөнхийлөгчийг хоёр дахь удаагаа сонгох нь зүйтэй" хэмээн тэд нотолж байна. Түүнчлэн Бүгд найрамдах намын их хурлаас өнгөрсөн долоо хоногт дэвшүүлсэн зорилтуудыг "Обамагийн талынхан хүлээн авах боломжгүй хэмээн үзэж байна" хэмээн "Reuters" дурдлаа. Бүгд найрамдахчууд аборт болоод ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хориглох, эрүүл мэндийн салбар дахь Обамагийн шинэчлэлийн тухай хуулийг цуцлах, тэтгэврийн насныхны эрүүл мэндийн хангамжийг хувьцаагаар солих зэрэг зорилтуудыг дэвшүүлээд байгаа билээ.
Тухайлбал, бүгд найрамдахчууд аливаа абортыг эсэргүүцэхдээ "төрөөгүй хэдий ч хүүхэд хүн болох суурь эрхтэй тул түүнийг нь зөрчиж огт болохгүй" хэмээн нотлон өгүүлж байгаа юм. Түүнчлэн "ижил хүйстнүүдийн гэрлэлтийг муж улсууд хориглох эрхтэй" хэмээгээд Үндсэн хуульд "гэрлэлт гэдэг бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронды холбоо" болохыг тодруулсан нэмэлт оруулах саналтай байгаа аж. Дээрээс нь БНН-ынхан зэвсэглэлд зарцуулж буй хөрөнгийг танаж байгаа Обамагийн бодлого, Умард Солонгос, Хятад, Иран зэрэг улсын талаар "сулхан байр суурь" баримталж байгааг нь эрс шүүмжилсээр байна.
Ардчилсан намынхан өөрийн хөтөлбөрөө БНН-ынхаас ялгарах онцлогийг нь цохон тэмдэглэхдээ өнөөгийн энэ кампанит ажил бол "зөвхөн хоёр нэр дэвшигч болон хоёр намаас сонгох сонголт төдийхөн биш харин манай улс орон, америкийн ард иргэдийн хувьд үндсээрээ ялгаатай тийм арга замуудаас хийх сонголт юм" хэмээн мэдэгдэж байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ оны 11 дүгээр сарын 6-нд болох юм. Массачусетс муж улсын амбан захирагч асан Митт Ромни ерөнхийлөгчид нэр дэвшигчээр албан ёсоор 8 дугаар сарын 28-нд батлагдаад байгаа билээ. Мөн дэд ерөнхийлөгчийн суудлын төлөө Пол Райан өрсөлдөх юм.
Харин Умард Каролина муж улсын Шарлотт хотод 3 хоног үргэлжлэх Ардчилсан намын их хурлаас Обама улиран сонгогдохоор нэр дэвших нь ойлгомжтой. Түүнтэй хамт дэд ерөнхийлөгчийн төлөө Жозеф Байден өрсөлдөнө. Маргааш Обама өөрийгөө дэмжигч 65 мянган хүний өмнө хөлбөмбөгийн стадионд үг хэлэхээр төлөвлөөд байгаа ажээ.
С.Амар

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш