logo
Ерөнхий сайд энэ өдрийн өглөөг “Эртэч Монгол”-ынхонтой өнгөрүүллээ

Ерөнхий сайд энэ өдрийн өглөөг “Эртэч Монгол”-ынхонтой өнгөрүүллээ

2012/09/06
Намрын жиндүүг үл мэдэгдэм санагдуулах энэ өдрийн өглөө 6 цаг 30 минутад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон иргэд цугласан байв. Өглөө эрт хийсэн ажил өөрөө бүтсэн ажил, эрт босвол нэгийг дуулна гэх мэт үгсийг амьдралын хэвшлээ болгосон иргэд нийлж “Эртэч Монгол хүн” хэмээх ажил хэргийн уулзалтаа хийх гэж байгаа нь энэ.
Тэд 51 дэх удаагийн уулзалтандаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг эрхэм зочноороо урилаа. Харин эрхэм зочин нь биеийн тамирын энгийн хувцас өмсч, Их тэнгэрээс явган алхан ирсэн нь цугласан иргэдийг багагүй гайхшруулаад авсан. Дохио хангинуулсан олон машин, хамгаалалтын залуустай л явдаг төрийн удирдлагын энэ төрх уулзалтыг улам ч энгийн болголоо.
Нийгэмд байр сууриа эзэлж, үлгэр дуурайл үзүүлж байгаа иргэдийг зочноороо урьж, хэн хүний дуулаагүй туршлагыг сонсох нь тус ажил хэргийн уулзалтын гол зорилго ажээ. Түүнчлэн шинэчлэлийн Засгийн газраас өнгөрсөн долоо хоногоос эхлэн төрийн албан хаагчдын ажилд цуглах цагийг урагшлуулсан нь маш зав алхам боллоо гэдгийг зохион байгуулагчид дүгнээд, энэ ч үүднээс уулзалтандаа Засгийн газрын тэргүүнийг урьснаа тайлбарлаж байсан.
Унтах биш хийе бүтээе гэсэн зорилготойгоор Засгийн газар ажиллаж байгаа гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын үеэр тэмдэглээд, өөдлөн дэвжихэд сэрэх санах илүү тустай гэдгийг онцоллоо. Түүний багад аав ээж нь өөдлөхөд сэрэх, санах, сойх, уруудахад унтах, идэх, мартах хэмээн захидаг байсан нь эдүгээ амьдралынх нь хэвшил болсон гэнэ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн цаашид нэг сая гаруй хүнтэй нийслэлчүүдэд чөлөөт цагаа зөв өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн, парк хэрэгтэй гэдгийг ч онцолсон юм. Үүнд анхаарал хандуулах үүднээс энэ уулзалтыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийж байгаа нь санамсаргүй хэрэг биш гэлээ. Ирэх 6 дугаар сар гэхэд энэ паркад 3.6 км дугуйн зам тавих гэж байгаа нь маш сайн хэрэг гэдгийг дурьдаад, сэрүүхэн жихүүн өглөө хэдий ч цугласан иргэдийн сэтгэл дулаан байна, зав гарвал энэ уулзалтад дахин оролцоно гэдгээ амаллаа.
Доктор, профессор С.Дулам гуай энэ удаагийн уулзалт нь иргэний санаачилгыг дэмжиж, ард түмэнд уламжлуулахад дэм өгнө гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байсны зэрэгцээ эрт боссоны ач холбогдлыг олон зүйлээр жишээ авч ярьж байлаа. Харин батлан хамгаалахын их сургуулийн оюутан Батдоржийн ярьснаар хүн болгонд тэгш хуваарилсан зүйл нь 24 цаг байдаг гэсэн дүгнэлтийг хийж , үүнийгээ л зөв хуваарилах нь чухал гэлээ.
Ерөнхий сайд дараа нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын явцтай танилцлаа. Одоогийн байдлаар тус хүрээлэнд 118 га газрын төлөвлөлт хийгдсэнээс эхний ээлжинд 55 га газрын ногоон байгууламжийн зураг хийгдээд байгаа юм байна. 22 төрлийн 98 орчим мянга гаруй мод сөөгийг тарьж, усалгаа арчилгааг тогтмол хийж байгаа ажээ. Цаашид 300 гаруй автомашины зогсоол, 3.6 км тойрог бүхий гүйлтийн болон дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, автоматжуулсан усалгааны систем, хамтын ажиллагаатай хөрөнгө оруулагч байгууллагуудын нэрэмжит төгөл барих зорилготой байгааг Ерөнхий сайд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш