logo
 7 сарын 7-ны халдлагад өртсөн тамирчин паралимпийн наадамд хүч үзэж байна

7 сарын 7-ны халдлагад өртсөн тамирчин паралимпийн наадамд хүч үзэж байна

2012/09/07
2005 онд Англичууд 2012 оны Олимпийн 30-р наадмын эрх авсны яг маргааш нь Лондонгийн мэтронд дэлбэрэлт болж 52 хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болсныг үзэгчид санаж байгаа байх. Халдлагыг Англид төрж өссөн хүмүүсээс бүрдсэн лалын террорист бүлэг зохион байгуулсан юм. Бөмбөг тэсэлсэн амиа золиослогч 4 этгээд ч мөн амиа алдсан юм. Тэр явдлаас хойш нэгэнт 7 жил өнгөрчээ. Англичууд уг хар өдрийг 9/11 гэдэг шиг 7/7 буюу 7сарын 7-ны хар өдөр гэж нэрлэдэг байна. Уг халдлагад өртөж эд эрхтнээрээ хохирч 2 хөлгүй болсон Мартин Врайт энэ удагийн 14-р Паралимпийн суугаа воллейболын төрөлд хүч үзэж байна. Мартины сууж явсан метронд тэсрэлт болж 7 хүн алагдсан. Тэр үеэр дэлбэрэлтээс болж урагдаж шидэгдсэн  төмрийн хэсэг Мартины хөлөн дээрээс нь унаж түүний хөлийг гэмтээжээ. Түүнээс хойш Мартин шантралгүй харин ч хувь заяатайгаа эвлэрч, спортоор хичээллэн бүр гэрлээд амжсан байна. Тэрээр зүгээр сууж чадсангүй сагсан бөмбөг, теннис, нум сум харваа, суугаа воллейбол гээд олон спортоор  хичээллэж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бүхий л тэмцээн уралдаанд оролцсон байна. Түүн дотроос суугаа воллейболоор илүү амжилт гаргасан тул энэ спортоороо шургуу хичээллэх болжээ. Мартины ярьж байгаагаар энгийн хүмүүс суугаа воллейболыг тэргэнцэртэй тоглодог гэж ташаа ойлгох тал байдаг. Тэгвэл энэ төрөлд тамирчид шалан дээр сууж тоглодог учир үсрэх боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл тамирчдаас илүү хөдөлгөөн, илүү ур чадвар шаарддагаараа онцлогтой юм байна. Тэрээр нэг талаар 7/7 –ийг хүмүүст сануулж байх зорилгоор 7 номерын өмсгөл өмсдөг. Нөгөө талаараа 7/7 өдөр түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Мөн хэдийгээр халдлагын золиос болж, 2 хөлгүй болсон ч сэтгэлээр уналгүй өөртэй нь адил хувь заяатай мянга мянган хүмүүст хөгжлийн бэрхшээлтэй хүн дэлхийн хэмжээний  тамирчидтай өрсөлдөж болдог гэдгийг харуулах, цаашлаад тэдэнд урам зориг, итгэл үнэмшил өгөх, тэдний бахархал болох үүднээс тэрээр7-гийн тоотой өмсгөл сонгосоноо ярьсан байна.
Shuum.mn’
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш