Английн Челси клубын тоглогч байсан Дидье Дрогба, Николия Анелка нар өнгөрсөн зун Хятадын Шанхай Шенхуа багт ирж тоглохоор болж, шуугиан дэгдээгээд байсан. Хятадын хөлбөмбөгийн хорхойтнуудад ч дэлхийн шилдэг тамирчдыг баяр хөөрөөр угтан авч байсан. Гэтэл 2 хөлбөмбөгчийг Шанхай Шенхуа клуб дахин цааш зарж магадгүй болоод байгаа аж. Учир нь 1 тамирчинд 7 хоногийн 300 мянган долларын цалин өгөхөөр тохирсон. Энэ их мөнгийг олохын тулд Шанхай Шенхуа клуб хувьцаага худалдаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлага гарсан. Шанхай Шенхуа клубын хамгийн их буюу нийт хувьцааны 28 хувийг эзэмшигч, өөрөөр хэлбэл клубын эзэн Зу Жун 100 сая долларын хөрөнгө оруулаад байсан. Цаашид ч хөрөнгө оруулалатаа 70 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж, бусад хөрөнгө оруулагчдад хандаж, хөрөнгө оруулалтаа нэмэхийг хүссэн. Гэсэн ч хөрөнгө оруулагчид мөнгөгүй байсан уу боломжгүй байсан уу Зу Жуны хүсэлтийг хүлээн авсангүй. Тиймээс Зу Жун ганцаараа клубыг цалинжуулах болоод байгаа юм. Түүнд тийм боломж байхгүй. Тиймээс дэлхийн хэмжээний 2 шилдэг хөлбөмбөгч Шанхай Шенхуа клубт үлдэх эсэх нь эргэлзээтэй болоод байгаа юм. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын хөлбөмбөгийн клубууд спортыг бизнес болгож байна. Алдартай тамирчдын нэрээр өөрсдийнхөө клубуудын нэр хүндийг өсгөчихөөд тамирчдыг зөнд нь орхиж байна гэж шүүмжилж байгаа юм. 2 тамирчин нэгэнт цалингаа авч чадахгүй болж байгаа тул Английн клубууд болон нэгэн цагт нэг багт тоглож байсан найз нөхөдтэйгээ холбоо тогтоож, Хятад бүтэхгүй бол эргэн Английн Лигтээ ирж тоглож магадгүй болоод байна. Уг нь Шанхай Шенхуа клуб нь Хятадын хамгийн шилдэг 16 баг багтдаг Супер Лигт чансаагаараа 10-т бичигддэг баг юм. Шанхай Шенхуа клуб энэ удаад яаж ийгээд хөрөнгө босгож, 2 тамирчныг багтаа үлдээхгүй бол Хятадын клубуудыг сонирхож байсан гадны бусад тамирчид бодлоо өөрчилнө. Дундад улсын хөлбөмбөгийн спортод татагдаж байсан олон олон тамирчид нүүрээ бууруулж эхэлнэ. Хятадын клубууд ч гэсэн нэр хүндээ алдаж, дахин гадны тоглогч авчрах нүүргүй болох юм байна. Хятадын хөлбөмбөгийн хорхойтнуудын шилдэг тамирчдыг ойроос харах боломж, мөрөөдөл талаар өнгөрч магадгүй болоод байна.
Shuum.mn