logo
Дэлхийн аваргын хос медальтан төрлөө

Дэлхийн аваргын хос медальтан төрлөө

2012/09/10
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах III тэмцээнд оролцож буй манай баг тамирчид дахин хоёр медаль хүртлээ.

66 кг-ын жинд М.Ганбат, 74 кг-ын жинд Ш.Батбаатар нар хүрлийн эзэд болж улсынхаа далбааг наадмын тэнгэрт мандуулав. Хоёр өдрийн өмнө сонгомол төрлөөс хүрэл хүртсэн Ш.Батбаатарын хувьд Дэлхийн аваргын анхны хос медальтан болж буй нь энэ. Болгарын Софи хотноо болсон энэ тэмцээнд манай дөрвөн тамирчин тодруулбал, 84 кг-ын жинд Д.Баасандорж, 74 кг-ын жинд Ш.Батбаатар, 66 кг-ын жинд М.Ганбат, 55 кг-ын жинд Б.Шинэбаяр нар хүч үзсэн юм. Ийнхүү Т.Цэдэнбал дасгалжуулагчтай Монголын сонсголын бэрхшээлтэй бөхчүүд Дэлхийн аваргад анх удаагаа оролцож нийт гурван медаль хүртсэн амжилттай өндөрлүүлэв. Энэ сарын 2-8-ны хооронд үргэлжилсэн уг тэмцээнд 23 орны 1250 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид өрсөлдсөн юм. Багийн дүнгээр эхний гурван байрыг Турк, Орос, Болгар эзэллээ.

Сонсголын бэрхшээлтэй тамирчид Олимп болон Паралимпийн алинд нь ч өрсөлддөггүй. Паралимпод эрхтэн бүтэн учир тэднийг оролцуулдаггүй бол Олимпод өрсөлдөхөд сонсголын бэрхшээл тулгардаг байна. Тиймээс дэлхийн дүлий иргэд спортын наадмаа тусдаа зохион байгуулдаг. Тэдний анхны Олимп 1924 онд Францад зохиогдсон бөгөөд Европын есөн орны 148 тамирчин өрсөлдөж байжээ. 1949 оноос Өвлийн төрөл нь зохиогдож эхэлсэн байна. Дэлхий дахинаа “Чимээгүй Олимп” буюу “Дифлимп” нэрээр танигдсан энэ наадам дөрвөн жил тутам зохиогддог бөгөөд Олимпийн дараагийн жил болдог. 2013 онд Болгарын Софи хотноо болох юм.

Дифлимпд манай тамирчид 1997 оноос оролцож эхэлжээ. Дэлхийн аваргын анхны медалийн эзэн Ш.Батбаатар 2001 оны Италийн, 2005 оны Австралийн Дифлимпоос тус тус хүрэл медаль хүртсэн байна.

Хэдийгээр сонсголын бэрхшээлтэй тамирчид энэ мэт олон улсын чанартай тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийг гарган амжилт үзүүлдэг ч тамирчдад олгодог мөнгөн урамшуулал тэдэнд олддоггүй байна. Одоо мөрдөгдөж буй хуулиар Олимп, Паралимпид амжилт гаргагсдыг урамшуулахаар тусгажээ. Гэтэл өмнө дурдсанчлан тэд эдгээр Олимпийн алинд нь ч оролцдоггүй. Ийнхүү сонсголын бэрхшээлтэй тамирчдын асуудал хуулийн гадна “гээгдэж” үлдсэн байдаг аж. Тиймээс өөрсдийн хүч чадал, боломж бололцоогоороо амжилтын төлөө зүтгэж буй эдгээр иргэдийг бусад тамирчидтай ижил төвшинд авч үзэн, дэмжиж хуульд тэдний амжилтыг үнэлэх заалт оруулж өгөхийг хүсч буйгаа илэрхийлж байв.

Багийг ахалж яваа дасгалжуулагч, Монголын дүлий иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал “Хүрэл медаль авсан Ш.Батбаатар байраа, Б.Шинэбаяр машинаа барьцаанд тавин, миний хувьд гурван хувийн хүүтэй зээл авч зардлаа олсон. Бидэнд төр засгийн зүгээс ямар нэг дэмжлэг, туслалцаа үзүүлдэггүй. Санхүүжилт олгодоггүй. Ийнхүү бор зүрхээрээ, өр зээл тавин зүтгэж буйг нь үнэлж ядаж амжилт гаргасан тамирчдыг минь алагчилж үзэхгүй байгаасай” гэв.

Ж.Баярмаа 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш