logo
“Мисс Монголиа 2012” хошин шогийн үзүүлбэр болж хувирав

“Мисс Монголиа 2012” хошин шогийн үзүүлбэр болж хувирав

2012/09/11
Баасан гарагийн үдэш. Улсын драмын эрдмийн театрын үзэгчдийн суудал аль хэдийнэ дүүрчээ. Үзэгчдийн дийлэнх нь бүсгүйчүүд, тэр дундаа загварынхан байлаа.
Тайзан дээрх том дэлгэцнээ “Мисс Монголиа 2012” гэсэн бичиг дурайх агшинд ёслолын хөгжим эгшиглэж, хөтлөгчид тайзнаа гарч ирэв. Тэд Монгол Улсын 2012 оны гоо бүсгүй шалгаруулах тэмцээний эцсийн шатны шалгаруулалтын шүүгчид болон хүндэт зочдыг суудалд нь урьснаар энэ үдшийн ёслолын ажиллагаа эхэлсэн юм.
Хот, хөдөөгийн 200 гаруй бүсгүй гоо үзэмж, гоолиг бие, авьяас билэг, оюун ухаан, авхаалж самбаагаараа уралдсанаас 16 бүсгүй эцсийн шатанд шалгаран үлджээ. Поп опера “Ньюанс” хамтлаг “Анжела” дуугаараа энэ үдэш “Мисс Монголиа”-гийн тэргүүн титмийн төлөө өрсөлдөх 16 шилдэг оролцогчид урам зориг хайрлалаа.
Эцсийн шатны шалгаруулалт Үндэсний хувцасны үзүүлбэрээр эхэлсэн юм. Энэ үзүүлбэр Монгол түмний ёс заншил, уламжлал, гоо бүсгүйчүүдийн намба төрхийг илэрхийлэх учиртай. Гэтэл шилдэг оролцогчид ёсолгоог дутуу хийх, таазаа “хүчээр” хоёр тийш хаялан алхах зэргээр энэ үзүүлбэрийг тун ч дулимаг гүйцэтгэв.
Залуу дуучин, загвар өмсөгч Ганзориг “Ар цармын цэцэг” дуугаар ая барьсны дараа гоёлын даашинзтай гоо бүсгүйчүүд тайзнаа “заларлаа”. Энэ үеэр үзэгчид Д.Долгион, Т.Оюун-Эрдэнэ, Ч.Энхтуяа нарын гоо бүсгүйчүүдэд “талтай байгаа”-гаа илэрхийлэн, шүгэл тас хийлгэж, алга ташилт нижгэнүүлж байв.
Хөтлөгч А.Мөнхбаатарыг “Манай Ханхүүгийн хамгийн дуртай үзүүлбэр” хэмээн зарлахад МҮОНТ-ийн редактор Г.Ханхүү бага зэрэг ичингүйрээд “Мисс викини” хэмээн зарлалаа. Усны хувцастай гоо бүсгүйчүүд тайзнаа гарч ирэхэд, зарим залуус сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй суудлаасаа өндөлзөж, зарим нь “Браво” хэмээн хашгирч байв.
Гэвч зарим нь хэлье гэж хэлэв үү, эсвэл хэл нь халтирав уу гэлтэй “Ижий минь ээ” хэмээн уулга алдаж байгаа нь ч сонсогдлоо. Учир нь, өмнөх жилүүдийн адилаар энэ жилийн тэмцээнд ч мөн л “хөх, өгзөггүй” бүсгүйчүүд шалгарч үлджээ. Тэр ч бүү хэл, “Биеийн жин 59, 60. Өгзөгний тойрог 100” гэх нь их сонин сонсогдож, зарим хүний чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэв бололтой. Цулцаганасан бүдүүн гуятай бүсгүй хэд хэд харагдсан нь үзэгчдийг ийнхүү уулга алдахад хүргэсэн биз ээ.
“Мисс авьяас” төрөлд шүүгчдээс хамгийн өндөр оноо авсан гурван үзүүлбэрийг энэ үдэш сонирхуулсан юм. “New circus” төвийн багш, дасгалжуулагч Ц.Сорцэцэг цагиргаар наадаж, үзэгчдийн мэлмийг баясгасан бол Б.Нямсүрэн яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биенээ хайрла” шүлгээр үзэгч олны сонорыг мялаав.
Харин СУИС-ийн жүжигчин, найруулагчийн ангийн оюутан Ч.Энхтуяа “Монгол бүсгүйн зохиомж” үзүүлбэртээ дуулж, бүжиглэж, жүжиглэж, найруулах бүхий л авьяасаа багтааж, мэргэжлийнхээ давуу талыг бүрэн ашигласан байлаа. Тэрбээр энэ номинацийн эзнээр тодорсон.
Түүнчлэн өмнөх жилүүдэд “Мисс спорт” шалгаруулалтыг фитнессийн зааланд зохион байгуулдаг байсан бол энэ жил цэвэр агаарт унадаг дугуйгаар уралдуулж, байгалийн хаданд авируулсан байна.
Мөн 16 шилдэг оролцогч өөрийн хамгийн сайн мэддэг гадаад хэлээр “Авлига өгөх үү, авах уу” сэдэвт илтгэл тавьж, “Оюунлаг мисс” номинацийн төлөө өрсөлдсөн юм. Солонгосын Сөүл хотын “Доксонг” их сургуулийн оюутан А.Уянга уг номинацийн эзэн болсон бөгөөд тэрбээр эл тэмцээний дэд байрын шагналыг титмийн хамт хүртлээ.
Харин гуравдугаар байрын шагналыг “Мисс модель” номинацийн эзэн, ХААИС-ийн оюутан Т.Оюун-Эрдэнэ гардан авав.
Үзэгчдийн сэтгэл догдлон хүлээсэн мөч ирэхэд шилдэг 16 оролцогчийг тайзнаа хүндэтгэлтэйгээр урилаа. Тэмцээний туршид оноогоороо хамгийн дээгүүр бичигдсэн зургаан бүсгүйн нэрсийг үзэгчид чих тавин сонслоо. Б.Нарантуяа, А.Уянга, Т.Ариунзаяа, Ч.Энхтуяа, Д.Долгион, Т.Оюун-Эрдэнэ нар шилдгийн шилдгээр шалгарчээ.
“Загасан хормойтой, улаан даашинзтай бүсгүй л ганцаараа мисс шиг харагдаж байна” хэмээн үзэгчид шивэр авир хийлцэнэ. Үзэгчдийн дүгнэлтийг сонсоод удаагүй байтал хөтлөгч А.Мөнхбаатар “Мисс Монголиа”-гийн тэргүүн титмийн эзний нэрийг дуудав. Үзэгчдийн мэлмий хурц, шүүлт мэргэн байжээ. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан Д.Долгионыг шүүгчид болон үзэгчид санал нэгтэйгээр “Монголын 2012 оны гоо бүсгүй”-гээр өргөмжиллөө. Тэрбээр ирэх сарын 1-ний өдөр Япон улсын Окинавад болох “Мисс Интернэйшнл-2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно.
Ийнхүү “Монголын мисс” хэмээх тодотголтой бүсгүй зургаагаар нэмэгдэв. Тэргүүн мисс загварлаг, галбирлаг, оюунлаг, авьяаслаг. Дэд мисс мэдлэг боловсролтой, царай зүстэй, зорилготой. Эхний хоёр байрт шалгарсан бүсгүйд өөлөх юм үгүй. Тиймээс ч “Мисс Монголиа 2012” тэмцээнийг өнгөц харахад фото модель, загвар өмсөгч, жүжигчин, циркчин, уран уншигч, тамирчинтай, оюунлаг, загварлаг, гоолиг бүсгүйчүүдээр дүүрэн, ёстой л “юм, юмтай” мэт.
Гэвч лавшруулж сайн ажиглаваас оролцож буй бүсгүйчүүдийнх нь “чанар чансаа” урьд жилүүдийнхээс муудсаныг үзэгчид шогширон өгүүлж байлаа.
Түүнчлэн шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан “Мисс Монголиа 2004” тэмцээний тэргүүн титмийн эзэн Ч.Содтуяа, МҮОНТ-ийн уран бүтээлийн нэгдүгээр нэгдлийн дарга Г.Гэрэл, хүндэт зочин мисс Х.Бадамгэрэл, Б.Бадамцэцэг, И.Төгсөө нар царай зүс, бие хаа, намба төрх, биеэ авч яваа байдлаараа бүгдэд үлгэр дуурайлал болохуйц харагдаж байгааг ч анзаараад амжжээ.
Тэмцээний өмнөх шалгаруулалтуудын бичлэгийг дэлгэцээр үзэхэд бүгд л тэгш сайхан хөлтэй, өндөр гоолиг, царайлаг, нуруулаг бүсгүйчүүд харагдсан. Гэтэл шилдэг 16 оролцогчийг усны хувцастай нь харахад “мисс” хэмээх нэрэнд тохирох хүн тун цөөн санагдав. Тэр ч бүү хэл, бүжгийн хэдэн хөдөлгөөн, тайзны алхааны элементүүдийг зөрөлгүй гүйцэтгэж ч чадахгүй, өндөр өсгийт дээрээ арай ядан алхаж, дэндүү богино банзлаа эв хавгүй доошлуулах нь “хошин шогийн үзүүлбэр” гэмээр.
“Тамирчны алдар хямдхан олдоогүй” гэдэг шиг миссийн титэм ч зөвхөн сайхан царай, гоолиг бие хоёроор олддоггүй гэдгийг бүсгүйчүүд маань тэмцээний явцад бага ч болов ойлгосон биз ээ.
Тиймээс “Монголын мисс” хэмээн энэхүү эрхэм нэрийг өндөрт өргөж явахын тулд цаашид алхам тутамдаа биеэ хянаж, үгээ цэнэж байх давхар үүрэг даалгавар авч байгаагаа ухаарч, энэ үдшийн тайзан дээр гаргасан “бүдүүлэг” алдаануудаа засах байх гэж найдъя. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш