logo
Аюулт үзэгдэл, ослын улмаас 176 хүн амиа алджээ

Аюулт үзэгдэл, ослын улмаас 176 хүн амиа алджээ

2012/09/11
Энэ оны эхний найман сард аюулт үзэгдэл, осол улсын хэмжээнд 2784 удаа гарч, 176 хүн амь насаа алдаж, есөн мянган толгой мал, амьтан хорогджээ. 
Тодруулбал объектын түймэр 2385 удаа, ой, хээрийн түймэр 163 удаа, гол, нуурын усанд хүн унасан осол 79 удаа, аадар бороо, үерийн үзэгдэл 34 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 28 удаа, хүчтэй салхи, шуурганы үзэгдэл 18 удаа, бичил уурхай, нурангины осол 17 удаа, аянгын үзэгдэл 15 удаа, малын халдварт боом өвчин 13 удаа, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага 10 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 15.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Өмнөх оны мөн үеийнхээс аюулт үзэгдэл, ослын тохиолдол 489-өөр, амь насаа алдсан хүний тоо 25-аар нэмэгдэв.
Түүнчлэн өнгөрөгч найман сард улсын хэмжээнд 14515 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1569 хэргээр буюу 12.1 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /974/, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг /310/, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг /162/, байгаль хамгаалах журмын эсрэг /128/ зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв.
Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 5604 хүн гэмтэж, 717 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 360 буюу 6.9 хувиар өсч, нас барсан хүний тоо 109 буюу 13.2 хувиар буурсан байна.

Н.Туяа 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш