logo
УИХ-ын дарга АНУ-ын шинэ Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга АНУ-ын шинэ Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2012/09/11
УИХ-ын дарга З.Энхболд АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэллийг хүлээн авч уулзлаа. Хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл 2012 оны 8-р сарын 24-ний Баасан гарагийн 12:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд, Монгол оронд тавтай морил. Шинэ элчин сайдаар томилогдсонд тань баяр хүргэж, ажлын амжилт хүсээд манай хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийн зарчмуудад тулгуурлан өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ. Монгол Улс АНУ-ыг өөрийн гуравдагч хөрш хэмээн үзэж, Монгол Улсын ардчиллыг анхнаас нь дэмжиж ирсэнд талархлаа илэрхийлээд энэ онд Монгол Улс АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг онцоллоо.
Элчин сайд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл парламентын үйл ажиллагааны талаар сонирхдогоо хэлээд ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар болон МАН-ын гишүүдийн бүлэг байгуулах боломжийн талаар УИХ-ын даргаас асууж сонирхож байлаа.
УИХ-ын дарга хэлэхдээ, Манай Улс 1992 оноос эхлэн дөрвөн жил тутамд нэг удаа УИХ-ын ээлжит сонгуулийг явуулдаг. 10 дугаар сарын 1-нээс намрын чуулган эхлэх хуультай. Энэ сарын 19-нд хэлэлцэх асуудлын дараалал гарна. Засгийн газрын болон УИХ-ын гишүүд санал оруулдаг юм. Одоогоор ямар асуудал хэлэлцэх талаарх мэдээллийг хараагүй байна. Гэхдээ төсвийн асуудлыг хэлэлцэх нь тодорхой байгаа. Учир нь бид төсвийн үндсэн үзүүлэлтээ хавар баталдаг. Өөрөөр хэлбэл, одоогийн төсвийг өмнөх УИХ-ын гишүүд баталсан гэсэн үг. Дэлхийн эдийн засгийг өөдрөгөөр харж хийсэн төсвийн дүн одоо нилээд өөрчлөгдөх хандлагатай болсон байна. Дэлхийн эдийн засаг сайнгүй энэ цаг үед бүсээ чангалсан төсвийг батлах болоод байна. Харин МАН-ын бүлэг байгуулах асуудлын тухайд УИХ-ын даргыг сонгогдсноос хой 24 цагийн дотор бүлэг байгуулах хүсэлтээ ирүүлэх ёстой. Одоог хүртэл ямар нэг хүсэлт ирээгүй байгаа учир хуулийн дагуу хаагдсан байгаа. Бүлэг байгуулж чадаагүйгээс бүлгийн ажлын албаныхан цалингүй болно, дэд даргагүй байна, бүлгийн нэрийн өмнөөс чуулган дээр санал, дүгнэлт унших эрхгүй болох зэрэг эрх хаагдана. Гэхдээ хувь гишүүнийхээ үүднээс байнгын хорооны гишүүн болох болон бусад эрх нь нээлттэй хэвээрээ байгаа гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд тайлбарласан.
Элчин сайд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл хоёр орны хамтын ажиллагааг улам бэхжүүлж, олон талын харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллахаа хэлээд АНУ-ын Конгрессын Судалгааны албаныхан УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвтэй хамтран ажиллаж байгаад талархалтай хандаж байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш