logo
СИНЬХУА агентлаг буруушаав

СИНЬХУА агентлаг буруушаав

2012/09/11
Японы Засгийн газар Дяоюйдао /Сенкаку/ арлыг авах шийдвэр гаргасныг инээдмийн жүжиг хэмээн Хятадын мэдээллийн Синьхуа агентлаг нэрлэжээ. Хятад улс өөрийн хууль ёсны нутаг дэвсгэрээ гэж үздэг эдгээр арлыг өөрийн улсын болгох шийдвэрийг өнөөдөр Японы Ерөнхий сайд Ёшихико Нодагийн танхим гаргасан байна.
"Японы Засгийн газар Дяоюйдао арлуудыг худалдаж авсан гэх инээдмийн жүжиг тавьснаараа Токио Япон-Хятадын харилцааны зөв замаас илүү ихээр хазайлаа" гэж Синьхуа агентлаг бичжээ. "Маргаангүй Хятад улсын нутаг дэвсгэр болох Дяоюйдао арлуудын талаар саяхан үйлдсэн Японы өдөөн хатгалгууд нь хоёр талын харилцааг хурцатгасан" гэж тус агентлаг тэмдэглэсэн байна. "Ямар хэлбэрээр илэрхийлж байгаагаас үл хамааран ийм алхам нь хууль зөрчсөн үйлдэл болно. Японы Засгийн газар үүнээс гарах үр дагаврын хариуцлагыг хүлээх болно" гэж Синьхуа агентлаг анхааруулсан байна.
Саяхан өндөрлөсөн Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ху Жинтао болон Японы Ерөнхий сайд 15 минут уулзжээ. "Жэньминь жибао" сонинд мэдээлснээр, Ху Жинтао "арлуудын талаарх Хятадын байр суурийг дахин нотолсон" байна. "Хятадын тал эдгээр нутаг дэвсгэрийг өөрийн улсын салшгүй хэсэг гэж үздэг бөгөөд улсынхаа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаална, энэ талаарх БНХАУ-ын байр суурь хэлбэрэлтгүй" гэж тэрбээр мэдэгджээ. Японд "нөхцөл байдлыг бүрэн дүүрэн ухамсарлаж, хоёр талын харилцааг цаашид хэвийн байдлаар хөгжүүлэхийн тулд буруу шийдвэр гаргахгүй байхыг" Ху Жинтао уриалсан байна.
З.Амгалан 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш