logo
Сирид босогчдын дайралт ширүүсч байна

Сирид босогчдын дайралт ширүүсч байна

2012/09/11
Өнөөдөр хүн амьдрахад хамгийн аюултай улс нь иргэний дайн үргэлжилсээр байгаа Сири улс болоод байна гэхэд хилсдэхгүй. Ням гаригт Сирийн Алеппо хот дахь армийн анги нэгтгэлийн ойролцоо хоёр бөмбөг зэрэг дэлбэрсэн байна. Энэ улсын төрийн мэдлийн телевизээр мэдээлснээр эмнэлэг, сургуулийн ойролцоо болсон дэлбэрэлтийн уршгаар 17 хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн шархаджээ. Чөлөөт Сирийн Арми буюу босогчид энэ халдлагыг үйлдсэнээ хүлээсэн байна. Мөн нийслэл Дамаск хотод хэд хэдэн удаа дэлбэрэлт болсны улмаас аюулгүйн хүчний таван албан хаагч амиа алдаж, зургаан хүн шархадсан талаар BBC мэдээллээ.
Сөрөг хүчний идэвхтнүүдийн мэдээлж байгаагаар өнгөрөгч баасан гаригт Сирийн хотуудад нийтдээ 55 хүн дайн тулааны үеэр алагджээ.
2011 оны гуравдугаар сард ерөнхийлөгч Башар ал-Асадын эсрэг бослого гарснаас хойш Сирийн нийслэлд олон удаа дэлбэрэлт болсон. Асадын засгийн газар энэ мэт халдлагыг террористууд үйлдэж байна хэмээн буруутгаж байгаа бол сөрөг хүчний идэвхтнүүд аюулгүйн хүчнийхэн тэсрэх бөмбөг ашиглаж байна хэмээн мэдээлж байгаа юм. Ийнхүү Сири улсад зөрчил үймээн, дайн тулаан үргэлжилсээр байна.
Тиймээс Европын холбоо Сирид үзүүлэх тусламжаа 76 сая доллараар нэмэгдүүлэхээр болжээ. Европын улсууд Сирийн босогчдод зэвсэг нийлүүлэх нь хориотой учраас радио холбоо, хамгаалах хувцас зэргийг тусламж болгон илгээж байгаа юм. НҮБ-ын дүрвэгсдийн агентлагаас мэдээлснээр Сирийн 246000 гаруй иргэн хөрш улсууд руугаа дүрвэжээ. Тэдний 81000 гаруй нь Йорданд, 78000 орчим нь Турк, 65000 нь Ливан, 22000 нь Иракт амьдарч байна. Мөн Сирийн 2.5 сая иргэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа ажээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш