logo
Оросын рок хамтлагууд “Пусси Райот” хамтлагийнхны төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ

Оросын рок хамтлагууд “Пусси Райот” хамтлагийнхны төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ

2012/09/11
Оросын рок хамтлагууд ням гаригт Санктпетербург хотноо тоглолт зохион байгуулжээ. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар энэ тоглолтоос олсон орлогыг Москва хотын сүмд ерөнхийлөгч Путиныг эсэргүүцсэн утгатай дуу дуулсныхаа төлөө хоёр жил хоригдох ял сонссон “Пусси Райот” хамтлагийн гишүүд болон улс төрийн хоригдлуудад туслах ажилд зарцуулах юм байна.
500 рубль буюу 15 долларын үнэтэй тасалбарыг 1500 гаруй хүн худалдан авчээ. Санктпетербург хотын захиргаа тоглолт зохион байгуулахыг зөвшөөрсөн ч тоглолтын үеэр харуул хамгаалалтыг чангатгасан бөгөөд ямар нэг зөрчил дутагдал гараагүй аж.
“Пусси Райот” хамтлагийн гурван гишүүнд хорих ял оноосон нь багагүй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Мадонна, Пол Маккартни зэрэг барууны алдартнууд тэднийг суллахыг Оросын эрх баригчдад уриалсан билээ.
Панк хамтлагийг гишүүдэд ял оноосноос хоёр долоо хоногийн дараа Оросын шүүх сөрөг хүчний идэвхтэн Таисия Осиповаг хар тамхитай холбоотой хэрэгт буруутгаж, түүнийг найман жил хорих ялаар шийтгэжээ. Осипова болон түүний дэмжигчдийн мэдүүлснээр 2010 онд цагдаа нар түүний гэрт дөрвөн грамм героиныг нуусан байна.
Осиповагийн нөхөр Сергей Фомченков сөрөг хүчний хөдөлгөөний нөлөө бүхий зүтгэлтэн аж. Осиповагийн хэлснээр тэрээр нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан учраас цагдаа нар түүнээс "хариугаа авч", гэрт нь мансууруулах бодис нуужээ. Тиймээс Осиповад ял оноосон шийдвэрийг шүүмжлэх хүн цөөнгүй байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш