Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч “сүүлийн өдрүүдэд нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгуудад дүрэм зөрчигдсөнөөс үүдэн осол гарч хүний амь эрсэдсэн хэрэг гарсан. Энэ бол мэргэжлийн хяналтын байгууллага маш муу ажиллаж байгаагийн тод жишээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэнг ажлаас нь огцруулах тухай хүсэлт гаргаж, МХЕГ-ын дарга Р.Содхүүд хүргүүлсэн байгаа. Харин өнөөдрийг хүртэл ямар нэг хариу шийдвэр өгөхгүй байгаад гайхаж байна. Нийсэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр баригдаж байсан уг барилгад танай байгууллагаас мэдэгдэл хүргүүлсэн үү” гэж НМХГ-ын орлогч дарга н.Ням-очироос асуухад “Бид мэдэгдэл хүргүүлсэн. Харин акт болон албан шаардлага хүргүүлээгүй” гэлээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “гарсан эмгэнэлт явдалтай холбоотой маргаангүй байгаа нэг зүйл бол Мэргэжлийн хяналтын газар хангалтгүй ажилласан нь тодорхой байна. Ямар ч албан тушаалтан хариуцлага алдсан бол ямар нэг байдлаар шийтгүүлэх ёстой. Танил тал, хэлхээ холбоогоо ашиглан хариуцлагаас мултрах гэсэн зохисгүй үйлдэл гаргахыг би Засаг даргын хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэдгийг анхааруулав. Ингээд Нийслэлийн Засаг дарга, Барилгын хөдөлмөр аюулгүй ажиллагааны улмаас дүүргүүдийн Засаг дарга нарт хариуцсан нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын аюулгүй байдлын үйл ажиллагаанд хатуу хяналт тавьж ажиллах, нийтийн эзэмшлийн зам талбайд таггүй худаг/траншей/, ухсан хүх байвал яаралтай таглах, зам засвар болон, хот тохижилтын хүрээнд хийгдэх ажлуудыг заавал олон нийтэд урьдчилан мэдэгдэж байх зэрэг үүрэг даалгаврыг өглөө. Мөн Нийслэлийн Засаг даргын барилга хот байгуулалт дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөрт зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад тусгай таних тэмдэг тавьж, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актын дагуу зохих арга хэмжээг авахыг үүрэг болголоо.
Бэлтгэсэн Э.Гэрэл
Бэлтгэсэн Э.Гэрэл